Орон нутаг
Аймгийн аварга малчид, тариаланчдыг тодрууллаа
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мал сүргээ чанаржуулан ашиг шимийг нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд амжилт гарган ажилласан малчид, тариаланчдыг аймгийн аваргаар тодрууллаа.
Энэ жил “Аймгийн хошой аварга малчин” 3, “Аймгийн аварга малчин” 109, “Аймгийн аварга саальчин” 6, “Аймгийн аварга тариаланч” 3, “Аймгийн шилдэг фермер” 1-ийг тус тус шалгаруулаад байна.
Мөн таван хошуу малынхаа тоо толгойгоор тэргүүлсэн малчдыг “Аймгийн манлай малчин”-аар шалгаруулдаг уламжлалын дагуу энэ жил 6 өрхийг тодруулжээ. Гучин-Ус сумын 2 дугаар багийн малчин Ц. Батбаяр хамгийн их буюу 3418 тоо толгой малаар, Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Н.Бямбадорж 665 тэмээгээр, Тарагт сумын 1 дүгээр багийн малчин Ж.Бат-Очир 775 адуугаар, Уянга сумын 1-р багийн малчин Б. Алтангэрэл 551 үхрээр, Баянгол сумын 5 дугаар багийн малчин Л.Алтанзул 1823 хониор, Богд сумын Ялаат багийн малчин Л.Мэндбаяр 1870 тоо толгой ямаагаар манлай малчны болзол хангаад байна.