Эдийн засаг

Б.Жавхлан: Өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилт шаардлагатай

Нийтэлсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд асуудлыг томьёолжээ.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу “Хуулийн зорилт”, төслийн 61 дүгээр зүйл буюу хоршоодын холбооны гишүүчлэлийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Байнгын хороонд өгсний дагуу хуулийн зорилтыг илүү тодорхой болгон найруулж, хоршоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хоршоог хөгжүүлэх хөшүүрэг болгох зорилгоор хоршоодод мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Хоршоодын холбоотой байх, түүнд анхан болон дундын хоршоо гишүүнчлэлтэй байх агуулгаар төслийн 61 дүгээр зүйлийг өөрчлөн найруулжээ.

Мөн төслийн 9.1, 13.2, 31.2 дахь хэсэг, 43.1.1 дэх заалтын талаарх зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн боловч найруулгыг анхаарч, гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох хэсгүүдийг өөрчлөн найруулсны дотор төслийн 31.2 дахь хэсгийг Тэргүүлэгчид санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор, мөн хоршооны алдагдлыг нөхөхөд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулж байх зохицуулалтыг тусгасан байна.

Exit mobile version