Нийгэм

Ойрын хавьтал болсон эрсдэлт бүлгийнхэнд вирусийн эсрэг болон дархлаа дэмжих уламжлалт эмийн багцыг тарааж байгаа

Нийтэлсэн

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа хэдий ч эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдэд хүрч ажиллаж чадаж байгаа. Саяхан ЭМ-ийн сайдын тушаал гарч гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авах боломжийг нээж өглөө.

Ойрын хавьтал болсон архаг хууч өвчтэй, 50-аас дээш насны хүмүүст урьдал эмчилгээ хийх үүднээс вирусийн эсрэг болон дархлаа дэмжих уламжлалт эмчилгээний багцыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан тарааж байна.

Бүх эмнэлэг КОВИД-ын тусламж үзүүлэх шаардлагатай болсон. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийг дайчилж, хүндрэлээс сэргийлэхээс өөр арга алга. Ингэснээр үндсэн тусламж үйлчилгээ тодорхой хэмжээгээр саатаж байгаа. Өнөөдрийн байдлаар бол хөл хорионы нөхцөл байдалтай уялдаад эмнэлэгт хандах иргэдийн тоо буурч байна. Хөл хорионы дэглэм сулрахаар эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэх учраас урьдчилаад зохицуулалт хийгээд явж байгаа.

Хүнд, хүндэвтэр, нэн хүнд хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна. Нас баралтаас сэргийлэх үүднээс халдвартай иргэдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Нас баралтыг бууруулахын тулд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, зорилтот бүлгийнхнийг вакцинд хамруулах/нэгдүгээр тунгийн хамралт 40-42 хувьтай, хоёрдугаар тунгийн хамралт15-20/
Хоёрдугаарт, хүндрэх нас барах эрсдэлтэй хүмүүстээ дархлаа дэмжих, вирусийн эсрэг эмчилгээг урьтал байдлаар хийх ажлыг зохион байгуулж байна.
Гуравдугаарт, хүндрээд эмнэлэгт ирсэн хүмүүст эрчимт эмчилгээний чанарыг сайжруулахад анхаарж ажиллаж байгаа.
“КОВИД-ын тусламж үйлчилгээнд ажиллаагүй эрүүл мэндийн ажилтан бараг байхгүй”
ЭМЯ-наас вирусийн эсрэг эмээр эмнэлгүүдээ хангаад явж байгаа. Энэ төрлийн эмүүд түгээмэл байдаг учраас хомсдол байхгүй.

Орон нутагт нийтдээ 3,000 орчим ор дэлгээд байгаа. Орон нутагт 4,000 орчим хүн халдвар авсан ч одоогоор 1,000 орчим хүн эмчилгээ хийлгэж байна. Бусад хүмүүс эдгэрсэн. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл зөвхөн орон нутагт 7,700 хүртэл ор дэлгэх төлөвлөлт хийсэн байгаа.

Харин нийслэлийн хэмжээнд 30 эмнэлэгт КОВИД-ын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

КОВИД-ын халдвар гарахаас өмнө улсын хэмжээнд 385 эрчимт эмчилгээний ор тогтвортой ашиглагдаж байсан бол халдвараас хойш 200 гаруйгаар нэмэгдүүлсэн. Амьсгалын аппартын тооноос шалтгаалсан хүндрэл үүсэхгүй.

Өчигдрийн мэдээгээр 5,336 хүн КОВИД-ын эмчилгээ, тусламж үйлчилгээн дээр ажиллаж байна. Энэ бол зөвхөн улаан бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн тоо бөгөөд ер нь бол КОВИД-ын тусламж үйлчилгээнд ажиллаагүй эрүүл мэндийн ажилтан бараг байхгүй.

Одоогоор өрхийн эмнэлгүүд хамгийн өндөр ачаалалтай ажиллаж байгаа” гэдгийг хэллээ.

Exit mobile version