Эрүүл мэнд
Энэтхэгээс ирсэн 19 иргэнээс ХАЛДВАР илэрлээ
Сүүлийн 24 цагт Монгол Улсад коронавирусний 1356 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрийн 1190 нь дотоодод буюу ойрын хавьтагчдаас илэрсэн бол 28 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.
Нефтийн үйлдвэрт ажиллахаар Энэтхэгээс ирсэн 19 иргэнээс ХАЛДВАР илэрлээ
Зөөвөрлөгдсөн 28 тохиолдлын нэг нь дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэгээс ирсэн Монгол Улсын иргэн бол бусад нь мөн энэ өдөр Казахстанаас ирсэн Монгол Улсын найман иргэн байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн 19 иргэнд коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Энэтхэг иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдсан байгаа аж.
Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн.
Эдгээр иргэний 11 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн нь гадаадын иргэн байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд “Халдварын тархалт нэмэгдэж буй Энэтхэг улсаас олон хүн ирэх шаардлага байсан уу” гэх асуудал яригдсан.
Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэгт урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад ирсэн хүмүүс байжээ. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчнийг Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байсан юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 болоод байна.
Өнгөрсөн хоногт 923 хүн эмнэлгээс гарснаар халдвар авч, эдгэрсэн иргэдийн тоо 19642 боллоо.
Харамсалтай нь, өчигдөр халдвар авч, эмчлүүлж байсан найман иргэн нас барлаа. Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ.
Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 110 болж байна. Нас барсан нийт 110 иргэний ихэнх нь хавсарсан хууч өвтэй байсан талаар ЭМЯ мэдэгдлээ.