CRI Монгол радио
Энэ он нь Хятад улсын сансар судлалын салбарын хувьд чухал жил болж байна
Хятад улсын сансар судлалын үйлс сүүлийн жилүүдэд эрчтэй ахиц хийлээ. “Бэйдөү” навигацын системийн дэлхийн бөмбөрцгийг хамарсан сүлжээг бүрдүүлэн ашиглалтад оруулж, түүнчлэн саран бөмбөрцөгт судалгаа хийх аппаратаа “сарны тойрог замд оруулах, газардах, сарны гадаргуугаас дээж авч эх дэлхийд буцах” гурван алхамт тандалт судалгаагаа бүрэн амжилттай биелүүлсний дараа 2021 онд сансар судлалын олон төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Хятад улсын сансрын аппарат удахгүй ангараг дээр газардахаар байгаа, дэлхийн бөмбөрцгийн тойрог замд Хятад улс сансрын станц байгуулж эхэлсэн зэрэг нь эдгээрийн доторх чухал төсөл юм.
Ийнхүү саяхан Хятад улс сансрын тойрог замд байгуулахаар байгаа станцынхаа үндсэн модуль буюу “Тяньхэ модуль”-ийг зөөгч пуужингаар сансарт гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Ингэснээр Хятад улс сансрын станц байгуулах алхаагаа эхлүүллээ. Хойшид туршилтын модуль “Вэньтянь” болон “Мэнтянь” хэмээх хоёр модулийг сансарт гарган үндсэн модультай залгах аж.
Сансрын станцын бүтээн байгуулалтын төлөвлөгөө ёсоор энэ он болон ирэх онд Хятад улс сансрын станцын бусад бүхээгийг сансрын станцад хүргэх, ачаа тээврийн болон нисэгчтэй сансрын хөлгийг сансрын станцад хүргэх зэрэг цаашдын 10 удаагийн хөөргөлт хийж, 2022 онд сансрын станцын бүтээн байгуулалтыг биелүүлэх болно. Хойшид сансрын станц нь биологи, материал судлал, үндсэн физик, микрогравитаци, шингэн гэх мэт холбогдох шинжлэх ухааны судалгааны туршилтын байгууламжаар тоноглогдсон байх болно. Сансрын станцад 10 гаруй дэвшилтэт шинжлэх ухааны туршилтын кабинетууд болон бүхээгийн гадна ачааллыг суурилуулах платформуудыг байрлуулах юм.
Хятадын Нисэгчтэй сансрын инженерийн албаны дарга Хао Чүнь мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө: Хятадын сансрын станц гурван модулиар бүрдэх бөгөөд нийт 60 гаруй тонн жинтэй. Ачааны сансрын хөлөг, нисэгчтэй сансрын хөлгийг залгасны дараа жин нь 90 гаруй тоннд хүрнэ. Хятадын сансрын станц нь Олон улсын сансрын станцтай харьцуулахад нэлээд хожуу баригдаж байгаа, гэхдээ сүүлд бий болсон давуулаг талтай, сансрын станцын бүтээн байгуулалт нь цар хүрээний хувьд, эсвэл технологийн хэрэглээ болон хойшдын хэрэглээний тал дээр Хятад улсын онцлогтой юм. Нарны зайны технологи, хяналтын технологи, компьютерын технологи, зарим мэдрэгчтэй сансрын станц зэрэг сансрын станц барихтай холбоотой технологиуд нь Хятад улсын өнөөгийн хөгжлийн чадавхи, түвшинд суурилсан гэжээ.
Хятад улс сансрын станцын бүтээн байгуулалт болон сансар судлалын талаар олон улсын хамтын ажиллагаа идэвхтэй өрнүүлж байна. Жишээлбэл, НҮБ-ын Гадаад сансрын асуудал эрхэлсэн газар Хятадын сансрын станцыг хэрэглээний чиглэлээр ашиглахад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны төслүүдийн эхний багцыг эхний шатанд хамтран цуглуулав. Одоогийн байдлаар 17 орны оролцсон 9 төсөл Хятадын сансрын станцын шинжлэх ухааны туршилтад оролцохыг албан ёсоор баталж, эдгээр төслүүдийг боловсруулах ажил одоогоор төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Ирээдүйд Хятад улс НҮБ-ын Гадаад сансрын асуудал эрхэлсэн газартай цаашдын хамтын ажиллагааны багц төслүүдийг ч элсэн цуглуулах болно. Үүнээс гадна,2021 оны 3-р сард Хятад, Орос хоёр орны засгийн газар “Олон улсын саран бөмбөрцгийн судалгааны станцыг хамтран бүтээн байгуулах санамж бичиг”-т гарын үсэг зурж, олон улсын саран бөмбөрцгийн судалгааны станцын хамтын ажиллагааг эхлүүллээ. Цаашид хоёр орон “Олон улсын саран бөмбөрцгийн судалгааны станцын хэрэгжилтийн зураг төлөвлөгөө”-г нийтлэн, бусад сонирхолтой улс орон буюу олон улсын байгууллага нэгдэн оролцохын үйл явцыг тодорхойлох юм.
Энэ онд Хятад улс сансрын 40 гаруй удаагийн хөөргөлт хийх төлөвтэй байна. Сансар судлалын олон чухал төслүүдийн дотор сансрын станцын бүтээн байгуулалтын төслийн зангилаа үүрэг, Тяньвэнь -1 аппарат ангараг гарагт газардах, явагч аппарат нь ангарагт хайгуул судалгаа хийх зэрэг чухал төсөл байгаагаас гадна иргэний хэрэглээний зориулалттай дэд бүтцийн олон хиймэл дагуулыг хөөргөж байна. Түүнчлэн нисэгчтэй сансрын хөлгөөр саран бөмбөрцөгт тандалт судалгаа хийх, Бэйдөү навигацын системийн хэрэглээ, том оврын зөөгч пуужингийн судалгаа зэрэг талаар илүү олон шинэ ахиц гаргах юм.
Сансрын станцын үндсэн модулийг сансарт гаргаснаас гадна Хятад улсын ангараг гарагт тандалт судалгаа хийх Тянь Вэнь-1 аппарат 5-р сар буюу 6-р сард зохистой үеийг сонгон ангарагт газардахаар байгаа нь мөн олон нийтийн анхаарлыг татаж байна. 2-р сарын 24-нд ангарагийг тойрох зууван тойрог замд орсон Тянь Вэнь-1 аппарат өдгөө тойрог замд ажиллаж, шинжлэх ухааны судалгаа болон газардах төрөл бүрийн бэлтгэлийг хийж байна. Ангарагт газардсаны дараа “Жу Рун” явагч аппарат нь ангараг дээр аялж, багц шинжлэх ухааны судалгаа өрнүүлэх юм. Тяньвэнь-1 судалгааны аппарат нь тойрог замын аппарат, газардах төхөөрөмж болон явагч аппарат зэрэг гурван хэсгээр бүрдсэн бөгөөд нийт хүндийн жин нь 5 тонн орчим байна.