Нийгэм
ДЭМБ “Moderna”-ийн вакциныг бүртгэлээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ АНУ-ын “Moderna” компанийн үйлдвэрлэсэн “Covid-19”-ийн эсрэг вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрөл олгожээ. Хоёр тунт энэ вакцин нь Covid-19-ийн эсрэг 94 хувийн дархлаа тогтоодог нь туршилтаар нотлогдсон юм.
Уг вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан тав дахь вакцин болж байна. Үүнээс өмнө нь “Pfizer/BioNTech”, “AstraZeneca”, “Serum” хүрээлэн, “Johnson & Johnson”-ы вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгосон билээ.
ДЭМБ ийм зөвшөөрлийг чанар, аюулгүй байдал, үр дүнгийн үнэлгээнд нийцсэн вакцинуудад олгодог бөгөөд ингэснээр зарим улс оронд аливаа вакцинд зөвшөөрөл олгох үйл явцаа түргэсгэхэд түлхэц болдог.
“Moderna” компанийн вакциныг ДЭМБ бүртгэхээс өмнө АНУ, Канад тэргүүтэй хэд хэдэн орон уг вакциныг бүртгэн хэрэглэж эхлээд байгаа юм. Энэ вакцин нь 2-8 хэмд 30 хүртэлх хоног хадгалах боломжтой, хадгалалт тээвэрлэлтийн онцгой горим шаардагдахгүй гэдгээрээ давуу талтай.
Эх сурвалж: REUTERS