CRI Монгол радио
Mиний ах “Хөдөлмөрийн баатар”
Даян хааны байгуулсан зургаан түмний зүүн гарын гурван түмний доторх Халх түмний нэгэн салаа нь Зарууд аймаг аж. Түүх соёлын нандин өв бүхий Заруудын хангай нутагт бид ам бүл олуулаа амьдарч байлаа. Төхөө орох үеэс л ээж минь хол явсан ахыг хоног тоолон хүлээдэг байсныг санаж байна. Угалз нутгаас гарсан ганц хоёр оюутны нэг нь миний ах. Дээр зууны 70-аад оны үед одоогийн Өвөр Монголын Үндэстний их сургуульд сурч байжээ.
Чөлөө тавихаар ах маань гэртээ ирж надад гоё цүнх, дэвтэр бэлэглэж байсныг ангийн хүүхдүүд ихэд бахархдаг байсан бол хол явж газар үзэх юмсан хэмээх мөрөөдөл миний цээжинд сэмхэн ургажээ.
Наймдугаар ангиа төгсгөөд өндөр дунд сургуульд элсэн аймгийн төв орох үед ах маань “Жирэмийн өдрийн сонин”-нд сурвалжлагч, редактор албатай байлаа. Заримдаа би ахын ажил дээр нь очиж, сониноос нь уншдаг. Сурвалжлагч Билгүүн-Далай хэмээн нэрлэсэн мэдээ мэдээллүүдийг нь сониноос уншаад хожим би заавал сэтгүүлч болно гэж бодож байлаа.
Хол явах мөрөөдөл маань биелж, оюутан болоод Бээжинд анх ирэхэд ах маань намайг хүргэж ирсэн юм. Буцах үед нь салж ядан уйлж хоцорсноо их сургуулиа төгсөөд Бээжинд сурвалжлагчийн алба хашиж одоог хүрлээ.
Мөрөөдлөөр амьдрах сайхан л даа. Ахмаань нөр их хүч хөдөлмөрийнхөө үр шимээр хэвлэл мэдээллийн салбарын Хятадын тэргүүний шагналыг 3 удаа, Өвөр Монголын тэргүүний шагналыг дөрвөн удаа авсан ба Хятад улсын хэвлэл мэдээллийн салбарын “Тэргүүний ажилтан” цол хүртэж, “Үндэсний хөдөлмөрийн баатар”-ын одонгоор энгэрээ мялаалгасан юм.
Билгийн гүн далайд шумбасан ахынхаа мэдлэг боловсролын түвшинд нь хүрч чадахгүй л яваа боловч ажилч хоёр гараараа ажил амьдралаа босгож, уйгагүй хичээл зүтгэлээр хүссэн зүйлээ бүтээж болдгийг ухаарч билээ.