Нийгэм

Г.Батбаатар: Коронавирусийн эсрэг вакцин хүний удмын мэдээлэлд нөлөөлөх үндэс байхгүй

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, вакцины ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал, хамгаалах чадвар нь эмнэл зүйн туршилт судалгаагаар баталгаажсан тул эргэлзэх зүйл огт байхгүй.

Түүнээс гадна одоо бидний хэрэглэж буй Синофарм үйлдвэрийн вакциныг гаргаж авсан аргыг хүн төрөлхтөн 100 гаруй жил хэрэглэж байгаа.

Мөн АстраЗенека болон Спутник V вакцины аргыг 40 жил хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, ийм олон жил аюулгүй гэдэг нь батлагдсан гэсэн үг.

Нийтийг хамарсан дархлаажуулалтын үед вакцинуудын үр дүнг харьцуулсан судалгаа хийгддэг. Өнөөдөр тэрхүү судалгаа үргэлжилсээр байгаа тул ямар нэг дүгнэлт хийхэд эрт байна.

Аль вакцин илүү дархлаа тогтоож байгаа талаарх үр дүн хамгийн багадаа 6 сараас нэг жилийн дараа тодорхой болно” гэв.

“Вакцины бүтэн тун авсан бол ямар ч тохиолдол PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй”

Үргэлжлүүлэн “Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоогоос дээш хоносон үедээ л иргэд өөрийгөө бүрэн тун хийлгэсэн гэж ойлгох хэрэгтэй.

Коронавирусийн эсрэг вакцин уг өвчний хүндрэлээс сэргийлэхээс гадна бусдад халдвар тараах магадлалыг бууруулна.

Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин нь аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй бөгөөд хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй гэдгийг хэлье.

Мөн вакцины бүтэн тун авсан бол ямар ч тохиолдол PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Учир нь эсрэг биеийн агууламж вакцины бүтэн тун хийсний дараа тодорхой заасан хугацаанд хүрсэн бол дархлаа тогтсон гэж үзнэ” хэмээн онцлов.

Exit mobile version