Улс төр

УИХ: НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: А.Ариунзаяа сайд, УИХ-ын гишүүн Н.Учрал нартай хамтраад өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд clubhouse-д 400 гаруй иргэнийг хамруулан нийгмийн даатгалын шимтгэлийн талаар хэлэлцүүлэг хийсэн. Тэнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг, хэн юу хийдэг нь тодорхойгүй. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банканд байршуулаад, алдсан гэдэг зүйл ярьж байна.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хангалтгүй ажиллаж байна. Хянаж шалгадаг, олон байцаагчтай хэр нь иргэдийг нийгмийн даатгалд хамруулах гэж явдаггүй. Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал бий болж байгаа нь тодорхойгүй. 20 хэдэн настай хүн ажилд ороод тэтгэвэрт гартлаа НДШ төлөөлд өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү харагдаж байна. Нийгмийн даатгал төлөөд ямар үр шим хүртэх вэ гэдгээ Баялгийн сан ч гэдэг юм уу бусад зүйлтэйгээ уяж өгөөгүйгүй өнөөдрийг хүрсэнд иргэд бухимдаад байгаа юм. НДШ төлөгч цаашид ямар үр шим хүртэх вэ гэдгийг тодруулъя.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын реформын тухайд олон давхаргат тогтолцоонд шилжин хуримтлалын нэгдсэн сан, Байгалийн баялгийн сан гэсэн тусдаа ажлын хэсэг ажиллаад тэтгэврийн тогтолцоонд байгалийн баялгаас үр шим хүртээх, эргүүлээд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын өгөөжийг илүү сайжруулах тал дээр бид анхаарах ёстой. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтаа илүү сайн хөгжүүлэх ёстой.

Нийгмийн даатгалын хуулиар Нийгмийн даатгалын сангийн мөнгөн үлдэгдлийг арвижуулах гурван арга байдаг. Нэгдүгээрт, арилжааны банканд байршуулах, үнэт цаас, бонд худалдаж авах гэсэн гурван төрлийн хөрөнгө оруулалтын боломж бий. Монголд өнөөгийн нөхцөлд арилжааны банканд байршуулах нь хүүгийн өгөөжөөрөө илүү найдвартай хөрөнгө оруулалтын хэлбэр юм. Өнгөрсөн хугацаад 630-аад тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн орлогоос олсон байдаг.

Капитал банканд анх 2007 оноос байршуулж эхэлсэн. Тухайн үед найдвартай банканд тооцогдож байсан. Харин эрсдэл үүссэн нь 2019 он. Бид олон нийтийн өмчийг эргүүлэн авах асуудалд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Яг одоогоор шүүхийн процесс үргэлжилж байна.

Exit mobile version