CRI Монгол радио

АНУ-д Covid-19 өвчнөөр өдөрт нас барсан хүний тоо сүүлийн 10 сарын доод хэмжээндээ хүрэв

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд АНУ даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын болон нас баралтын шинэ тохиолдол үлэмж хэмжээгээр буурчээ.

Тухайлбал нэг өдөрт бүртгэгддэг халдварын тохиолдол 38,000 орчимд хүрсэн нь нэгдүгээр сарын эхээр 300,000 хүрч байсантай харьцуулахад 87 хувийн бууралт болж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш нэг өдөрт ийм цөөн халдварын тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм.

Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо өдөрт дунджаар 600 болоод байгаа нь сүүлийн 10 сарын хугацааны хамгийн доод үзүүлэлт болжээ.

Нэгдүгээр сарын дундуур өдөрт 3,400 хүн нас барж байсан нь цар тахлын оргил үе байв.

АНУ-ын хэд хэдэн мужуудад нэг өдөрт нас барсан хүний тоо нэг оронтой тоонд хүрч, заримд нь бүр тэг болсон байна.

Массачусетс мужид бараг нэг жилийн хугацаанд анх удаа Covid-19 өвчнөөр ганц ч хүн нас бараагүй тухай Бостон Хералд сонин өчигдөр мэдээлжээ. Мягмар гарагт Индиана мужид ганцхан хүн Covid-19 өвчнөөр нас барсан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 63 иргэнээ алдаж байсан Канзас мужид хоёрдугаар сараас хойш өдөрт нэг оронтой тооны эндэгдэл бүртгэгддэг болжээ.

Коронавирусийн халдвар, эндэгдлээр дэлхийд тэргүүлж байгаа АНУ-д цар тахлын нөхцөл байдал ингэж эрс өөрчлөгдсөн нь вакцинжуулалтын үр нөлөө гэж судлаачид үзэж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсын насанд хүрсэн хүн амын 59 хувь нь вакцины эхний тунгаа тариулсан бол 45 хувь нь бүрэн дархлаажаад байгаа юм.

Энэ долоо хоногоос 12-15 настай хүүхдүүдийг дархлаажуулах ажил эхэлсэн нь сургуулиудыг бүрэн нээх цагийг ойртуулж байна.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version