CRI Монгол радио

Хятадын хүн амын тооллого юуг өгүүлэв?

Нийтэлсэн

БНХАУ-ын хүн амын долоо дахь удаагийн тооллогын дүн шинжилгээ тун саяхан нийтлэгдлээ. Хятадын Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэ Хятадын хүн амын сүүлийн 10 жилийн зарим хандлагыг танилцуулав. Тухайлбал Хятадын нийт хүн амын тоо нэг тэрбум 411 сая 780 мянга болж, энэ нь 2010 оныхоос 72 сая 60 мянгаар нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 0.53 хувьтай байна гэх мэт.

Харин уг дүн шинжилгээнд үндэслэн гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүн амын асуудлаар Хятадын мууг дуудсаар байгаа аж. Нью-Йорк Таймс сонин үүнтэй холбоотой мэдээлэлдээ, төрөлт буурч, хүн амын өсөлт удаашралтай байгаа нь Хятадын “Урт хугацааны тэсрэх бөмбөг” гэжээ. Вашингтон Пост сонин зэрэг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөн Хятадын хүн амын өсөлтийн удаашрал Хятадад “хямрал” авчирна хэмээн гарчиг дээрээ онцолжээ.

Тэгэвэл Хятад улс хүн ам зүйн ноцтой хямралд өртөөд байна уу? Хүн ам зүйн ногдол ашгийн хугацаа хир урт вэ? Төрөлтийн бодлогыг өөрчлөх шаардлагатай юу? Хүн амын хөгшрөлт бидэнд ямар бэрхшээлийг авчрах вэ? зэрэг асуудлаар Хятадын мэргэжилтэн судлаач нар хариулт өгчээ.

Нэг. Хятад улс хүн ам зүйн ноцтой хямралд өртөөд байна уу?

Тооллогын үр дүнгээс харахад Хятад улсын хүн амын тоо дээд цэгтээ хараахан хүрээгүй бөгөөд тогтвортой өсөлтийг хадгалж байна. Хятадын хүн амын дундаж нас 38.8 байж, 16-59 насны хүн ам 880 сая байгаа нь хөдөлмөр хүч хангалттай хэвээр байгааг харуулж байна. Хүн амын нийт тоо болон сүүлийн арван жилийн өсөлтийн байдлаас үзвэл энэ нь ерөнхийдөө хэвийн үзүүлэлт бөгөөд огцом унаагүй, сөрөг өсөлт ч гараагүй юм гэж Хятадын Жэжян Их Сургуулийн профессор Лю Жижүнь хэллээ.

Наад зах нь Хятадын хүн амын одоогийн байдал, богино хугацааны хөгжлийн төлөвөөс авч үзвэл хүн амын бүтэц ноцтой тэнцвэргүй байдалд орохгүй. “Сүүлийн жилүүдийн хүн амын тооны өөрчлөлтөөс дүгнэхэд хүн амын өсөлтийн хурд үргэлжлэн буурах болно. Гэхдээ үүнтэй зэрэгцэн хүн амын өсөлт нь хүн амын насны бүтэц зэрэг нийгэм, эдийн засгмийн хүчин зүйлээс шалтгаалан алсдаа дээд цэгтээ хүрнэ. Ирээдүйн хэсэг хугацаанд Хятад улсын хүн амын тоо 1.4 тэрбумаас дээш хэвээр байх болно” гэж Хятадын Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэ хэлсэн юм.

Хоёр. Хүн ам зүйн ногдол ашгийн хугацаа хэр урт вэ?

“Хятадын хүн ам зүйн ногдол ашгийн хугацаа үндсэндээ дуусаж, хангамж нийлүүлэлтийн давуу нөхцөл тодорхой хэмжээнд буурч байгаатай холбогдуулан Хятад улс өндөр чанарын хөгжлийн замыг өлгөж, аж үйлдвэрийн бүтцийг шинэчлэхийг зорьж ажиллаж байгаа юм. Тухайлбал, ажилчин тариачдыг бэлтгэл сургалтад хамруулахаас өгсүүлээд нийгмийн бүх боловсон хүчнийг бэлтгэж, мэдлэг сурч боловсрох нийгмийг бүтээн байгуулах ёстой. Энэ нь маш чухал ач холбогдолтой асуудал бөгөөд хүн амын ногдол ашгийн чанарыг сайжруулахын тулд бидний хийх ёстой зүйл юм” гэж Хятадын эдийн засгийн судлаач Жя Кан хэллээ.

Гурав. Төрөлтийн бодлогыг өөрчлөх шаардлагатай юу?

Сүүлийн жилүүдэд Хятад улс гэр бүл төлөвлөлтийн бодлогыг улмаар чөлөөлж, хоёр хүүхэд төрүүлэх зөвшөөрлийг нийт иргэдэд эдлүүлж байгаа бөгөөд цаашдаа төрөлтийг бүрэн чөлөөлөхийг мэргэжилтэн судлаач нар ч уриалж байгаа юм. Энэ асуудлаар Хятадын олон улсын Эдийн Засаг Худалдааны Их Сургуулийн профессор Ли Чан-ань хэлэхдээ, “Энэ бол үе шаттай үйл явц юм. Гэхдээ төрөлтийн бодлогыг чөлөөлсөн ч гэсэн хүн амын буурах хандлага богино хугацаанд өөрчлөгдөхгүй гэж би бодож байна, учир нь нийгэм, эдийн засгмийн хөгжил нь төрөлтийг шийдэх үндсэн хүч бөгөөд хүмүүсийн үзэл ойлголтыг богино хугацаанд өөрчлөхөд хэцүү. Хүмүүсийн хүүхэд төрүүлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх нь системийн чанартай асуудал бөгөөд үүнд төрөлтийн бодлогоос гадна цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд өсгөх зардлыг бууруулах гэх зэрэг бусад салбарын иж бүрэн хөгжил өөрчлөлт шаардлагатай гэж би хувьдаа боддог” гэжээ.

Дөрөв. Хүн амын хөгшрөлт ямар бэрхшээлийг авчрах вэ?

“Хятад улс 1990-ээд оны сүүлчээр хөгшрөлтийн нийгэмд шилжсэн. Тодруулбал 60-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь нийт хүн амын 10% -ийг давсан бөгөөд энэ чиг хандлага улам бүр тодорхой болж байна.

Хүн амын хөгшрөлтийн хамгийн их нөлөөлөх зүйл бол хэрэглээ юм. Ерөнхийдөө хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт гарах, ялангуяа төрөлтийн хэмжээ буурч, хөгшрөлт хурдацтай явагдах үед энэ нь бүхэл бүтэн нийгмийн хэрэглээг хазаарлах нь дамжиггүй. Ер нь бол хүн амын хөгшрөлтийг дагалдан хүмүүсийн хэрэглээний хүсэл шаардлага ч аажмаар буурдаг. Энэ асуудал дэлхийн аль ч улс оронд бий. Хамгийн энгийн жишээг хэлэхэд, орон сууцны хэрэглээний хувьд хөгшчүүлийн байр худалдаж авах хүсэл залуусынхаас хамаагүй доогуур байгаа нь гарцаагүй” гэж профессор Ли Чан-ань хэллээ.

Exit mobile version