CRI Монгол радио

Их Британид гадаа нэг дор 30 хүртэлх тооны хүн цуглахыг зөвшөөрчээ

Нийтэлсэн

Их Британид “Энэтхэгийн” гэгдэх коронавирусний омог хурдацтай тархах эрсдэлийн талаар эмнэлгийн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа ч тус улсын засгийн газраас төлөвлөсний дагуу даваа гарагаас эхлэн хөл хорионы дэглэмийг сулруулжээ.

Тухайлбал, дотоод орчинд нэг дор зургаа хүртэлх тооны хүн ​​(эсвэл хоёр өрхийн гишүүд) цуглаж, ойр дотны хүмүүсээ тэврэх боломжтой болсон байна. Кафе, баар, зоогийн газрууд зочдыг задгай хэсэгтээ хүлээн авахаас гадна дотроо суулгах боломжтой болжээ.

Гадна орчинд 30 хүртэлх тооны хүн нэг дор уулзахыг зөвшөөрсөн байна. Музей, кино театр, цэнгэлдэх хүрээлэнгүүд аажмаар нээгдэх аж. Даваа гарагаас эхлэн иргэд биеийн тамирын танхимд дасгал хийх боломжтой болжээ. Английн оршин суугчид “ногоон” жагсаалтад (Ковид-19-ийн тохиолдол багатай) улс орнуудаар аялах боломжтой бөгөөд буцаж ирсний дараа тусгаарлагдах шаардлагагүй юм байна.

Шотландад мөн л өнөөдрөөс эхлэн зургаа хүртэлх тооны хүн (эсвэл гурван өрхийн гишүүд) уулзах боломжтой болжээ. Ресторан, уушийн газруудад 22:30 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх аж.  Мөн Шотландын иргэд мөн “ногоон жагсаалт” -ын улс орнууд руу аялах эрхтэй болно.

Уэльс ч мөн ийм байдлаар хөл хорионы дэлгэмийг сулруулахаар болжээ. Энэ нь гурав дахь шатны хөл хорионы дэглэмийг сулруулж буй үйл явц бөгөөд дараагийн удаа зургаадугаар сарын 21-ний өдөр хөл хориог бүхэлд нь цуцлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version