Нийгэм
Хоёр тун вакцин хийлгээд 21 хоногийн дараа ХАЛДВАР АВСАН цөөн хүн бий
Вакцин хийлгэсэн хүмүүсийн халдварт өртөх байдлыг ХӨСҮТ болон холбогдох байгууллагууд судалжээ.
ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан энэ талаар “Эхний тунгаа хийлгээд халдвар авсан хүмүүс халдвартай үедээ вакцинд хамрагдсан, мөн вакцинаас хойш удалгүй халдвар авсан тохиолдлууд байна. Харин хоёр тун хийлгээд халдвар авсан хүмүүсийн хувьд дийлэнх нь 14 хоног дотроо байгаа бол вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа халдвар авсан маш цөөхөн хүн байгаа.
Вакцин хийлгээд халдвар авсан хүмүүсийн өвчлөлийн зэрэг ямар байгааг судлахаар 250 хүний дата мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн баг ажиллаж эхэлсэн. Бид 18-аас дээш насны хоёр сая хүнийхээ 1.8 саяыг нь вакцинжуулаад байна. Гэхдээ вакцин ганцаараа халдвараас сэргийлэх хамгаалалт болохгүй. Хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх гээд энгийн дэглэмүүд халдварын тархалтаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Нийт шинжилгээнд эерэг эзлэх дүн Улаанбаатар хотод 11 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт. Улсын хэмжээнд 8.7 хувьтай байгаа нь мөн өндөртөө орно. Тиймээс халдварын батлагдсан тохиолдлын тоо буурч байгаад тайвширч болохгүй. Өвчлөх эрсдэл байсаар байна” гэдгийг анхаарууллаа.
Дархлаажуулалтын ажил нийслэл болон орон нутагт хэвийн явагдаж байгаа бөгөөд вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд татан авалтыг нэмэгдүүлэх, хөргөгч хүйтэн хэлхээг сайжруулахад анхаарч байгаа аж. Тухайлбал, аймаг бүрт 700 хүний вакцин хадгалах хөргөгчийг хүргүүлсэн бол -70 хэмийн хөргөгчийг мөн явуулахаар бэлтгэж байгаа аж.