CRI Монгол радио

Эмэгтэй ажилтантайгаа холбоотой байсан нь илэрсний дараа Билл Гэйтс албан тушаалаасаа татгалзаж байжээ

Нийтэлсэн

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтс 27 жил хамт амьдарсан эхнэрээсээ салах болсон нь түүнтэй холбоотой олон дуулианыг нийтэд ил болгоод байна.

Өчигдөр The Wall Street Journal сэтгүүлд мэдээлснээр тэр компанийнхаа эмэгтэй ажилтантай дотно харилцаа үүсгэсэн нь илэрсний дараа албан тушаалаасаа татгалзаж байжээ.

2020 оны гуравдугаар сард Гэйтс өөрийн үүсгэн байгуулсан Майкрософт компанийн ТУЗ (төлөөлөн удирдах зөвлөл)-ийн гишүүний албан тушаалаасаа буусан юм. Ингэснээр тэр Майкрософттой ажил хэргийн ямар ч холбоогүй, жирийн хувьцаа эзэмшигч болсон байна.

Харин албан тушаалаас буух болсон шалтгаанаа тэр хүмүүнлэгийн үйлсэд илүү төвлөрч ажиллах болсонтой холбоотой гэж тайлбарлаж байжээ.

Тэгвэл Билл Гэйтсийн эмэгтэй ажилтантайгаа үүсгэсэн дотно харилцааны талаар мөрдөн шалгасан Майкрософтын ТУЗ түүнд огцрох шаардлага тавьсныг эх сурвалж баталсан байна.

Гэхдээ Гэйтс энэ харилцаагаа 20 орчим жилийн өмнө зогсоож, эв найртайгаар салсан байжээ.

Гэйтсийн асуудлыг хэлэлцэх үеэр ТУЗ-ийн зарим гишүүн Жэфри Эпштейнтэй ямар харилцаатай байсныг нь асууж байсныг эх сурвалж баталсан байна. Элит хүрээнийхэнд насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг байсан гэх Уолстритийн санхүүч Эпштейн шалгагдаж байхдаа 2019 онд шоронд нас барсан юм.

Түүнтэй зөвхөн хүмүүнлэгийн ажлаар уулзаж байсан, тийм хүнтэй харилцаа тогтоосон нь алдаа байсан тухай Гэйтс тухайн үед ТУЗ-ийн гишүүдэд тайлбарлаж байжээ.

Эх сурвалж: AFP

Exit mobile version