Дэлхий
Хосуудад “тайвшрах хугацаа” өгдөг болсны үр дүнд Хятадад гэр бүл салалт 70 хувиар буурчээ
Хятад улс энэ оноос эхлэн гэр бүлээ салгах хүсэлт гаргасан хосуудад нэг сарын “тайвшрах хугацаа” заавал олгодог хуультай болсон юм.
Тэгвэл энэ хууль хэрэгжиж эхэлсэн 2021 оны нэгдүгээр улиралд 296,000 хос салсан нь өмнөх улирлын 1.06 сая салалттай харьцуулбал 70 гаруй хувийн бууралт болжээ.
Бас 2020 оны нэгдүгээр улирлын гэр бүл салалтын тооноос 52 хувиар буурсан үр дүн болсон байна.
2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Иргэний хуулинд гэр бүлээ салгах хүсэлт гаргасан хосуудад 30 хоногийн хүлээх хугацааг заавал өгдөг болжээ. Энэ хугацаанд хосууд өргөдлөө буцаах боломжтой юм.
Сүүлийн жилүүдэд Хятадад гэр бүл салалт эрчимтэй нэмэгдэж байгаа нь нийгмийн уламжлалт ойлголт өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийн бие даасан байдал дээшилсэнтэй холбоотой гэгддэг.
Тухайлбал гэр бүлээ салгах санаачилгын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд гаргадаг гэсэн статистик тоо баримт бий.
Гэр бүл салалт нэмэгдэх нь хүүхдийн төрөлт буурч, хүн ам хөгшрөхөд түлхэц болж буй тул Хятадын эрх баригчид үүнээс зайлсхийх арга механизмийг хуулиндаа тусгаж өгсөн нь энэ юм.
Ганц Хятад улс ийм хуультай болоогүй. Тухайлбал Франц, Их Британи улсуудад гэр бүлээ салгах хүсэлт гаргаснаас хойш хүлээх хугацаа тус бүр хоёр ба зургаан долоо хоног байдаг ажээ.
Эх сурвалж: CNN