Нийгэм
Туул голын эрэгт газар эзэмшдэг 19 ААН-ийн эрхийг цуцлахаар боллоо
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа.
Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Түүнчлэн зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа гэв.
Хотын дарга Д.Сумъяабазар “Туул голын эрэг дагуу барилга барьж болохгүй. Сүүлийн нэг жилийн дотор олон удаагийн давтамжтай газар хөдөлж байна. Туул голын дагуу өндөр барилга барих эрсдэлтэй. Цаашид Туул голын унаган төрхийг алдагдуулахгүй байх, бургасыг хамгаалах чиглэлээр ажиллана” гэлээ.
Түүнчлэн хууль, дүрмийн хүрээнд ажиллахгүй байгаа дээрх 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авна гэв.
Өмнө нь хоёр ч удаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн тус газруудын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох үүргийг холбогдох албаныханд өглөө.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хан хиллс”, “Ривер гарден” хотхоноос баруун тийш үерийн далангийн урд хэсгээр нэг км орчим авто зам барих асуудлаар тус газарт ажилласан юм. Учир нь дээрх хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийш гарах гарцтай бөгөөд ихээхэн түгжрэл үүсгэдэг байна. Тиймээс баруун тийш авто зам тавьж, Зайсангийн замтай нийлүүлэх ажлыг хийх чиглэлийг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ. Тус авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд хэд хэдэн байршилд замын трасст орж байгаа бургаснуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс Хотын дарга бургаснуудыг технологийн дагуу шилжүүлэх, өөр газар суулгах боломжтой эсэхийг нь судлах үүргийг өглөө. Тэрбээр “Үерийн далангийн урдуур тавих авто замын ажил бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Бид нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой” гэлээ.