Нийгэм
Их Долоон гүрний сайд нар нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулахаа зогсоохоор тохиролцжээ
Өчигдөр дэлхийн Их Долоон гүрэн гэгддэг АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канадын байгаль орчны сайд нар виртуал орчинд уулзаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чухал амлалтуудыг авлаа.
Тэд дэлхийн дулаарлын дундаж өсөлтийг Цельсийн 2 хэмээр хязгаарлах өмнөх амлалтаа шинэчилж, 1.5 хэм болгожээ. Ингэснээр тавьсан зорилтоо биелүүлэхийн тулд илүү хурдтай ажиллах шаардлагатай болж байна.
Нэн тэргүүнд Их Долоон гүрний засгийн газрууд ядуу буурай орнуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулах, шинэчлэх төслүүдийг 2021 оны сүүлээс эхлэн санхүүжүүлэхээ зогсоохоор тохиролцсон байна.
Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд 2030 он гэхэд хуурай газрынхаа 30 хувийг зэрлэг байгальд нөөцлөн үлдээх амлалт авчээ.
Эдгээр амлалтууд нь энэ оны арваннэгдүгээр сард Их Британийн Глазгоу хотод зохион байгуулагдах COP26 дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн чуулганыг угтсан чухал алхам болж байна.
Зорилтдоо хүрэхийн тулд Энэтхэг, Индонез зэрэг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудын эрчим хүчний салбарыг цэвэр технологид шилжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй гэдэг дээр Их Долоогийн сайд нар санал нэгджээ.
Уулзалтыг Их Британийн засгийн газар зохион байгуулж, Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Өмнөд Солонгос улсуудын төлөөлөгчид зочноор оролцсон байна.
Эх сурвалж: BBC