Дэлхий

Хятадад болсон эмгэнэлт тэмцээн

Нийтэлсэн

Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу мужид болсон гүйлтийн тэмцээн экстрим спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй тэмцээний нэг боллоо. Цаг агаарын байдал гэнэт өөрчлөгдсөнөөс хорь гаруй тамирчин амиа алдсан байна. Яг юу тохиолдов?

Хуанхэ шилинь хэмээх уулын паркад ультрамарафоны тэмцээн болсон юм. Уралдааны замын 21 дэх километр дээр гэнэт цас орсноо мөндөр бууж, хүйтэн бороо асгаран, хүйтэн салхи шуурга тамирчдыг дайрчээ. Одоогийн байдлаар 21 тамирчин амиа алдсаныг зарлаад байгаа бөгөөд зохион байгуулагчид цаг агаар гэнэт өөрчлөгдөхийг огт мэдээгүй байсан гэнэ.

Цаг агаар муудангуут тэмцээнийг зогсоож, тамирчдыг эргүүлэн татаж эхэлсэн ч энэ хэсэг уулын хүнд зам байж таарчээ. Тиймээс аврах ажиллагаа саатаж, тамирчид тусламж авч чадалгүй хөлдөж нас барсан байна.

Уралдааны гараанд 172 тамирчин гарснаас 30 нь мэргэжлийн тамирчин байсан гэнэ. Байинь хотын дарга Чжан Сючэнь “Уулын хүнд замд тамирчид яг орж байхад гэнэт мөндөр бууж, хүйтэн бороо асгаж, хүчтэй шуурга болсон. Маш хүйтэрсэн тул уралдааныг зогсоож, аврагчдыг илгээсэн ч газар орны байдал, цаг агаарын нөхцлийн улмаас ажиллахад маш хэцүү байсан” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Аврах ажиллагаанд 700 аврагч, цэрэг дайчид ажиллан, дрон, радар-детектор ашигласан ч удсанаас 21 тамирчин амиа алдаж, найман хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

Амиа алдагсдын дотор ультрамарафоны алдарт тамирчин Лян Цзин байна. 31 настай энэ тамирчин Хятадын хэт холын зайн гүйлтийн хоёр рекордыг эзэмшдэг тамирчин байв.

Уралдааны нэгэн оролцогч “Мэргэжлийн тамирчид жингээ багасгахын тулд хувцас, хамгаалах хэрэгсэл авч явдаггүй. Тэд цаг агаар сайхан байна гэдэгт итгэж гүйдэг. Харамсалтай нь энэ удаад цаг агаар үнэхээр аймшигтай байлаа. Тамирчид ихэнх нь богино цамц, өмдтэй л гүйж байсан. Зохион байгуулагчид термо хучлага авч явахыг шаардаж байсан. Гэхдээ энэ хучлага нимгэхэн тул ийм гамшигт тус болоогүй” гэж ярьж байна.

Хятадын цахим сүлжээгээр Цаг агаарын албанаас огцом хүйтэрч, хүчтэй салхи шуурахыг анхааруулж байсан гэж бичиж байна. Гэвч зохион байгуулагчид тоосонгүй. Одоо Байинь хотод зохион байгуулагчид буруутай эсэхийг тогтоох мөрдөн шалгалт явагдаж байна.

Exit mobile version