Улс төр

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн нэгэн хувь хүнийг биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авч байна. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.
Нэр дэвшигч С.Эрдэнэ “Өнөөдрийн сонгууль бол туйлын хариуцлагатай сонгууль. Хэн нэгэн хувь хүнийг сонгох биш Монголын төрийг тогтвортой, аливаа эрсдэлгүй байх сонголтыг хийнэ. СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шударга иргэдийн зүгээс нотлох баримт мэдээллийн хамт гаргаж тавьж байгаа. Энэ үйлдэлд СЕХ хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна.

Миний хувьд, АН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд 200 гаруй гишүүнийхээ итгэл сонголтыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. СЕХ хууль дээдлэх эрхээ шударгаар биелүүлнэ гэж итгэж байгаа учраас нэрээ дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 2020 онд гарсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарахгүй гэдэгт итгэж байна. Өмнөх сонгуулийн үед байгаагүй хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн учир сонгуульд оролцохоор шийдсэн.

Аль нэг улстөрийн нам, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автах биш, хуулиа дээдэлж ажиллаасай гэж хүсэж байна” гэлээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх эрхтэй болж байна. Санал тоолох төхөөрөмжийн бэлтгэл ажил, энэ төхөөрөмжид эргэлзэх хэрэгггүй. Хуулийн хяналтын байгууллагаас та бүхэнд үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээлэл очно” гэлээ.

Exit mobile version