Эдийн засаг

Махны үнэ сүүлийн жилүүдэд хамгийн өндөр ханшид хүрээд байна

Нийтэлсэн

Жил жилийн хавар махны үнэ өсдөг. Учир нь махны нийлүүлэлт багассантай холбоотой үнэ өссөн гэдгийг худалдаачид хэлж байна. Ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгөөрөө ч бүтэн хонины мах ч авч хүрэхгүй, хүндхэн байгаагаа учирлан, халаглаж сууна. Уг нь 66 сая малтай Монголд махны үнэ хамгийн хямд баймаар. Үүнтэй холбоотой “Хүчит шонхор” захад махны үнэ төрлөөсөө хамаарч гурван сарын дотор 1000-2000 төгрөгөөр өсжээ. Монгол Улс өнгөрсөн онд 70 сая мал тоолуулсан байдаг. Үүнийг 3.3 сая хүн амд хуваавал нэг хүнд дунджаар 20 мал буюу нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд тэргүүлэгч улсын нэг. Гэвч махны ханш жил ирэх тусам хөөрөгдсөөр өнөөдрийн байдлаар дээд цэгтээ хүрсэн нь энэ юм.

Нийслэлийн хамгийн хямд үнэтэй захын нэгд тооцогддог “Хүчит шонхор” захад махны ханш ийм байна. Нэг сарын өмнө төрлөөсөө хамаарч 9000-9500 төгрөгөөр худалдаалагдаж байсан хонины мах өнөөдрийн байдлаар 9800-13500 төгрөг болсон байна. Мөн 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан үхрийн мах төрлөөсөө хамаараад 13-14500 төгрөг, харин цул нь 18 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Махны үнийн талаар иргэд юу хэлснийг хүргэе.

Зах дээр махны үнэ нэмэгдэж, нөөцийн мах сонголт байдаггүй нь харамсалтай

Худалдан авагч Л.Хонгорзул “Хөл хорио тогтоохоос өмнө Засгийн газраас иргэн бүрт бэлэн мөнгө өгсөнтэй зэрэгцээд махны үнэ нэмэгдсэн. Нөөцийн мах нь ч  олдохоо байлаа. Авъя гээд захиалгаа өгөх гэхээр дууссан, маргааш, нөгөөдөр гэж хойшлуулж байна. Нөгөө талаас нөөцийн мах сонголт байхгүй ямааны мах л байна. Энэ байдлаараа үргэлжилбэл хоолгүй ч хонож мэдэхээр байна” гэв.

Худалдан авагч С.Чингүүнжав “Үхрийн шинэ цул мах 16 мянга гэж байна. Махны үнэ замбараагүй нэмэгдсэн байна. Өмнө нь 11 мянгаар авдаг байсан. Хонины мах 12 мянга гэж байна. Тэтгэврийн бид махаа авч дийлэхгүй болох нь байна. 300 мянган төгрөгийн тэтгэвэртэй хөгшид бид 30 кг бүтэн хонины мах ч авч чадахгүй байна шүү дээ” гэлээ.

Иргэн Л.Маам: Нөөцийн мах өмнө нь ганц, хоёр удаа авсан. Яс ихтэй юм билээ. Амт чанар нь ч сайн биш ээ. Гурав хоногийн өмнө нөөцийн мах авсан. Нэг хүнд ногдох малынхаа тоогоор дэлхийд толгой цохидог Монгол Улс махны үнэ дээр олон жил ороо бусгаа явлаа. Зах дээр өдөр бүр махны үнэ нэмэгдэж, нөөцийн махны цэгүүдэд сонголт байдаггүй нь харамсалтай” гэв.

Худалдагч Ариунжаргал “Манайх үхрийн махаа кг нь 14-16 мянган төгрөгөөр борлуулж байна. Өглөөний 05:00 цагт ирээд мах авахад бараг булаацалдах шахуу юм болж байж жаахан мах авч байна. Махны олдоц ховор байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, махны үнэ сүүлийн жилүүдэд хамгийн өндөр үнэд хүрээд байгаа нь энэ юм байна.

ШӨХТГ-аас махны үнийн хөөрөгдөлтөд хяналт тавих ёстой. Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Зах зээлийн үндсэн зарчмаар буюу үнэ нь эрэлт нийлүүлэлт дээр тогтож байгаа. Нийлүүлэлт багасч эрэлт ихэсвэл үнэ өснө. Эрэлт, нийлүүлэлт хангалттай бол үнэ буурна. Үүнийг санаатайгаар зөрчиж байгаа нь ноёлох үйл ажиллагаа” гэсэн юм. Тус газрын мэдээлснээр мах, махан бүтээгдэхүүнээс гадна нарийн ногооны үнэд хяналт тавьж байгаа аж. Нарийн ногооны тухайд үнийн хөөрөгдөл үүсээгүй, нэмэгдэлтэй байна” хэмээн дүгнэжээ.

“Хүчит шонхор” захад үхрийн мах ойролцоогоор 1000-1500 төгрөгөөр, хонины мах мөн адил 1000-1500 төгрөгөөр нэмэгджээ. Гэхдээ махны лангуу болгоны үнэ өөр байв. Харин “Хүчит шонхор” захын махны худалдагч нар махны үнээ нэмсэн талаар бодит хариултыг өгч чадахгүй байв.

Exit mobile version