Нийгэм

Т.Батзаяа: Цар тахлын үеийн бизнесийн онцлог нь олон хүний эрүүл мэнд, амийг аврах байлаа

Нийтэлсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Aмерикийн бизнес эрхлэгчдийн холбооноос  шинжлэх ухаан, технологийн салбарын жижиг дунд үйлдвэрийн ангилалд 2021 оны шилдэг компаниар шалгарсан MТС компанийн гүйцэтгэх захирал Т.Батзаяаг урьж ярилцлаа.

 

АМЖИЛТАА АХИУЛАХЫН СУУРЬ НЬ САЙН МЭРГЭЖИЛТЭН БОЛОХ

 

Блиц

-1994-1999 онд Монгол Улсын Техникийн Их Сургуулийн хими-технологич мэргэжлээр

-2000-2002 онд АНУ-ын Өмнөд Дакота муж улсын Уул уурхай, технологийн сургуульд химийн инженерээр магистрын зэрэг хамгаалсан

-2003-2013 онд “RAANI” корпорацид химич, группийн ахлах удирдагч

-2013-2018 онд “VANTAGE” олон улсын химийн компанид химич

-2018 оноос эхлэн “МТС” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

-Монголдоо “Техникийн их сургууль”-ийг химич мэргэжлээр төгсөөд АНУ-д химийн инженерээр магистраа хамгаалснаас хойш Чикаго хотод ажиллаж, амьдраад 20 гаруй жил болж байна.

Техник, технологийн өндөр хөгжилтэй оронд сурч төгсөхийн зэрэгцээ мэргэжилдээ чадварлагаар өсч дэвших хүсэлдээ хөтлөгдөн мэргэжлийн компанид ажиллаж эхэлсэн. Энд нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. АНУ-д сурах үедээ Сургалтын төрийн сангаас тэтгэлэг авсан. Би 17 хүүхэдтэй жирийн ажилчин гэр бүлд өссөн болохоор өөрийн зардлаар сурах боломж байгаагүй л дээ. Төрөөс тэтгэлэг авч сурна гэдэг цаанаа асар их үүрэг хариуцлага, олон мянган татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн мөнгө байдаг гэж ухамсарладаг учраас авсан зээлээ бүрэн бүтнээр нь улсдаа эргүүлэн төлсөндөө баяртай явдаг.

Өнгөрсөн 20 жилийн ажлын туршлагаас харахад маш сайн мэргэжилтэн болохын тулд хичээж ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Сургуулиа төгсөөд химийн компанид лаборантаас Ахлах химич болтлоо 10 жил ажиллахдаа мэргэжлийн хувьд маш сайн туршлага хуримтлуулж чадсан. Ер нь сургууль төгсөөд сайн мэргэжилтэн болохыг хүсвэл ажлын дадлага дээр үндэслэн туршлага хуримтлуулах нь чухал байдаг. Ингээд олж авсан туршлага, дадлага дээр суурилан АНУ болон дэлхийн олон оронд глицерин үйлдвэрлэдэг олон улсын компанид орж ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг байсны дээр мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн том явдал болж билээ. Энэ компанид зургаан жил ажиллаад хамтран ажиллаж байсан америк хүнтэйгээ нийлж хувийн компани байгуулсан. Манай компани нь Америкийн “Хүнс болон эмийн хяналт” байгууллагын итгэмжлэгдсэн лаборатори. Энэ утгаараа зах зээл, худалдаанд гаргаж байгаа бүтээгдэхүүнд нарийн шинжилгээ хийж, хяналт тавьдаг компани юм. Хувиараа бизнес хийхдээ сайн мэргэшсэн ажилтан гэдэг бол үнэт капитал юм байна гэдгийг ухаарч байна. Сайн мэргэжилтэн болохын тулд урт хугацаа шаардагдана. Эхнээс нь сургаж бэлтгэж сайн ажилтан болгох нь хамгийн зөв менежмент. Мэргэшсэн сайн ажилтан өндөр цалин хөлс шаарддаг.

 

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР КОМПАНИУДЫН ЗЭЭЛИЙГ ТӨЛЖ, НЭГ УДААГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

-Өнгөрсөн нэг жил маш хүнд байлаа. Коронавирусын халдварын цар тахалтай урьд өмнө нүүр тулж байгаагүй учраас хүмүүс  айж сандарсан. Төр засаг ч алдаа гаргасан. Цар тахал болж онц байдал тогтоосноор маш олон компани хаалгаа барьж, хүмүүс ажилгүй боллоо.Зөвхөн зайлшгүй ажиллах шаардлагатай салбар, хүмүүсээс бусад нь гэрийн хорионд орсон нэг жил өнгөрлөө.

Цар тахлын улмаас ихэнх бизнесийн орлого хумигдсан бол нөгөө талд эсрэгээрээ сэргэсэн салбар ч бий. Харин манай компани цар тахлын үеэр амжилттай ажилласан цөөн компанийн нэг  болж өдөр бүр ажилтай, бүр ачаалалтай  байсан. Эхний нэг сар үйлчлүүлэгчид мөнгөө төлж чадахгүй зэргээс болж компани маань маш хүнд байдалд орсон. Америкт хүмүүс хоол хүнс, гар ариутгагч, цэвэрлэгээний бодисуудыг их хэмжээгээр нөөцөлж эхэлснээс болж бараа бүтээгдэхүүн хомсдолд орж лангуунууд хоосорч эхэлсэн. Энэ хүнд байдлыг даван гарахын тулд Засгийн газар компаниудын бизнест өөрчлөлт оруулж хомсдолд орсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг өгч байлаа. Зах зээлд нийлүүлж байгаа бүх бүтээгдэхүүн “Хүнс болон Эмийн хяналт” байгууллагаас зөвшөөрөл авдаг. Энэ утгаараа итгэмжлэгдсэн лабораториудын ачаалал ихэсч хурдан хугацаанд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн гаргаж олон сая хүний эрүүл мэндийг хамгаалах үйлст тэргүүн эгнээнд ажиллаж эхэлсэн.

Хатуу хөл хорионы үед  АНУ-д төрийн дэмжлэг маш сайн байлаа. Засгийн газар олон компанид тусламж үзүүлж, ажилчдад нь нөхөн олговор өгсөн. Эдийн засагтай холбоотойгоор АНУ маш чухал арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авч хэрэгжүүлсэн. Тэг зогсолт хийсэн том жижиг бүх компанид бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн. Тухайлбал, компаниудын зээлийг төлөх, хүүг зогсоох, хөнгөлөлттэй зээл олгох болон ажилчдынх нь цалингийн алдагдлыг бүх компанид тооцож өгсөн.

Цар тахлын үеэр хүн бүр ажилтай байхын төлөө хичээсэн. АНУ-д авч хэрэгжүүлсэн хамгийн гол арга хэмжээ бол компаниудыг аль болох ажилла, хаалгаа нээ гэсэн бодлогыг баримталж, ажил олгогчдыг сайн дэмжсэн. Ашиг олох үгүй нь хамаагүй халдвар хамгааллын дүрэм журмаа баримтлаад аж ахуйн нэгжүүдээ нээлттэй байлгахыг зорьсон. Энэ нь ч хүмүүсийг тодорхой хэмжээнд ажил  орлоготой байлгахад том дэм болсон.

 

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН БИЗНЕСИЙН ОНЦЛОГ НЬ ТӨЛӨВЛӨ, ДАХИН ТӨЛӨВЛӨ

 

Ер нь аль ч улсад бизнес эрхлэхэд төрийн зөв бодлого, хууль эрхзүйн зөв зохицуулалт хамгийн чухал байдаг. Бас банк санхүүгийн байгууллага уян хатан бодлоготой, зээл тусламжаа зөв хэрэгтэй зүйлд цаг үеэ мэдэрч зарцуулдаг байх хэрэгтэй гэж боддог. Компанийг амжилттай удирдаж явахдаа сайн хамтрагч, ажилчид бол тулгуур багана гэдгийг гол зарчмаа болгож явдаг.

Цар тахлын үеийн бизнесийн онцлог гэвэл хамгаалалтын хувцас хэрэглэл байнга өмсөхөөс эхлээд халдвар хамгааллын дүрэм  журам сахих нь хүндрэлтэй байлаа. Амны хаалт, бээлий, байнга ариутгал хийх зэргээр энгийн үеэс хоёр дахин их ачаалал, цаг хугацаа, зардал шаардаж байна. Хамгийн хүндрэлтэй нь хил хаагдаж, материал нийлүүлдэг компаниудтай холбоотойгоор бараа материал хомсодсон. Өмнө нь материалаа захиалаад богино хугацаанд ирдэг байсан бол цар тахлын үед хамгийн багадаа 2-3 сар, зарим үед хагас жил болж байж ирж байна. Тэр болгоныг нарийн төлөвлөж бүх зүйлээ хүрэлцүүлж, зохицуулж ажиллахыг шаардсан. Төлөвлөгөөгөө хамгийн багадаа 3-4 сараар нь эртнээс төлөвлөж захиалахгүй бол төвөгтэй нөхцөл байдал үүсч байсан. Компаниа тасралтгүй ажиллуулахын тулд цаг төлөвлөлт, санхүүгийн асуудлыг зохицуулахад нарийн мэдрэмж ур чадвар, хариуцлага шаардахаас аргагүй. Ер нь бол хагас цэргийн дэглэмтэй л ажиллалаа даа.

 

“АМЕРИКИЙН ШИЛДЭГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД” ШАГНАЛД 3800 КОМПАНИ ӨРСӨЛДСӨНИЙГ 250 ШҮҮГЧ ШҮҮСЭН

 

Манай  компани “Aмерикийн бизнес эрхлэгчдийн холбоо”-ноос  шинжлэх ухаан, технологийн салбарын жижиг дунд үйлдвэрийн ангилалд 2021 оны шилдэг компаниар шалгарсан. Жил бүр тухайн жилийнхээ амжилттай сайн ажилласан компаниудаа шалгаруулж шагнал олгодог. Яг л Оскарын шагнал, Грэммийн шилдэг уран бүтээл шалгаруулдаг шиг бизнесийн салбарынхан ч бас шилдгүүдээ зарладаг. Энэ жил манай компани нэгдүгээр сард нэр дэвшсэн юм. Шүүлтийн үйл ажиллагаа нь гурван сар болдог. Энэ жил 3800 компани өрсөлдсөнийг 250 шүүгч шүүсэн юм билээ. Жижиг, дунд, том гэсэн гурван ангилал, олон салбараар шалгаруулдаг. Манай компани  шинжлэх ухаан технологийн салбарын шилдэг аж ахуйн нэгж  болсон. Жил бүрийн шилдгээр шалгарсан компаниудын үзүүлэлт өөр өөр байдаг. Энэ жилийн шилдгүүд цар тахлын үед амжилттай ажилласан, олон хүнийг ажлын байраар хангасан, олон хүний эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзсан юм билээ. Манай компанийг шилдгээр зарласан хамгийн том үзүүлэлт нь цар тахлын үед хомсдолд орсон маш чухал гар ариутгагч, цэвэрлэгээний бодисуудыг түргэн хугацаанд зах зээлд нийлүүлж шинжилгээний туслах материалууд хомс үед дотоод нөөцөө ашиглаж мэргэжлийн өндөр ур чадвараар тасралтгүй ажиллаж олон сая хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байсан. Өөрөөр хэлбэл, бидний хянаж хэрэглээнд нэвтрүүлсэн ариутгалын бодис цар тахлын голомтод ажилласан олон сая хүнд хэрэг болж, цаашлаад олон хүний амийг аварсан гэж үзэж байгаа юм.  Тэр ч утгаараа ихэнхдээ эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн компаниуд шилдгээр шалгарсан байна.

Aмерикийн бизнес эрхлэгчдийн холбооноос шинжлэх ухаан, технологийн салбарын жижиг дунд үйлдвэрийн ангилалд шилдгээр нэрлэсэн явдал бол өрсөлдөөн ихтэй, том зах зээлтэй энэ улсад манай  компанийн нэр хүндийг  өндөрт өргөж өгсөн сайхан дэмжлэг боллоо гэж бодож байгаа. Миний хувьд мэргэжлээрээ ахиж дэвжихийн тулд одоогоор АНУ шиг том зах зээлтэй газарт ажиллах, илүү их туршлага хуримтлуулахыг хүсч байна. Эх орондоо байнга очиж мэргэжлийн хүмүүстэй санал солилцдог. Цаашид Монголд химийн нарийн багаж төхөөрөмжөөр хангах, химийн чиглэлийн үйлдвэр байгуулах сонирхолтой. Хамгийн гол нь мөнгө өгөхөөс илүү технологи чухал байдаг. Эх орноосоо алс хол суугаа болохоор танай сониноор дамжуулан төрүүлж өсгөсөн аав, ээж гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлье.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.24 ДАВАА № 105 (6582)

Exit mobile version