CRI Монгол радио

АНУ, Их Британи улсууд өөрийн талд ажиллаж байсан Афганчуудыг дүрвүүлэх ажлыг түргэсгэнэ

Нийтэлсэн

Энэ оны есдүгээр сарын 11-нээс өмнө АНУ тэргүүтэй холбоотнууд Афганистанаас цэргээ гаргаж дуусгахаар болсон билээ.

Уг үйл явцтай зэрэгцэн исламын радикал үзэлт Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны газар нутгийг хяналтдаа авахаар зэхэж байна. Сүүлийн үед Афганистаны засгийн газрын хүч болон Талибан хөдөлгөөний хооронд зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэх болсон юм.

Тэгвэл АНУ, Их Британи улсууд өөрийнх нь талд ажиллаж байсан Афган хүмүүсийг эх орноос нь дүрвүүлэх ажлыг түргэсгэхээр болжээ. Талибанчууд Афганистанд нөлөөгөө тогтоовол өрнөдийн талд үйлчилж байсан энгийн хүмүүс хамгийн түрүүнд аюулд өртөх нь тодорхой байгаа.

Их Британийн засгийн газар “The Afghan Relocations and Assistance Policy” хөтөлбөрийг энэ онд хэрэгжүүлж эхэлсэн ба одоогоор 1,400 гаруй Афган хүнийг өөрийн улсад шилжүүлж аваад байна.

Тэдний ихэнх нь Британийн зэвсэгт хүчинд орчуулагчаар ажиллаж байсан иргэд, тэдний гэр бүлийнхэн юм.

Цаашдаа 3,000 орчим Афган хүнийг нэмж Их Британи руу нүүлгэхээр төлөвлөжээ.

Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахгүй бол олон хүний амь нас эрсдэлд орохоор байгааг саяхан BBC сувагт ярьсан байна.

АНУ-ын засаг захиргаа мөн өөрийнх нь талд ажиллаж байсан афган иргэдийг гэр бүлийнх нь хамт татаж авах ажлыг эхлүүлээд байгаа юм.

Одоогоор 18,000 орчим афган хүн уг хөтөлбөрийн хүрээнд АНУ-д цагаачлах виз хүсээд байгаа гэнэ.

“АНУ болон түүний холбоотнуудад тусалж байсан олон мянган Афган хүний амь нас эрсдэлд ороод байгааг бид ойлгож байна. Тэдэнд туслах, дүрвүүлэх шуурхай ажлын төлөвлөгөөг бид боловсруулж байгаа” гэж Пентагоны генерал Марк Милли өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version