Дэлхий

ДЭМБ коронавирусийн аюултай хувилбаруудын албан бус нэрсийг Грек цагаан толгойн үсгээр сольжээ

Нийтэлсэн

Коронавирусийн мутацлагдсан хувилбаруудыг шинжлэх ухаанд тоо, үсэг холилдсон нэрээр нэрлэдэг ч энэ нь олон нийтийн дунд ярих, бичихэд төвөгтэй байдаг.

Тиймээс хялбаршуулж, анх бүртгэгдсэн улсынх нь нэрээр нэрлэх болсон юм. Тухайлбал B.1.1.7 хувилбарыг Британи хувилбар гэж ярьж, бичдэг болсон байна.

Тэгвэл Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ингэж улс үндэстний нэрээр нэрлэх нь тухайн улсын нэр хүндийг унагаж, ялгаварлан гадуурхах нөхцөл болж байна гэж үзээд мутацлагдсан хувилбаруудыг Грек цагаан толгойн үсгээр нэрлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар ДЭМБ дөрвөн хувилбарыг “global concern” буюу дэлхий нийтэд аюул учруулж буй хувилбар гэсэн ангилалд оруулаад байгаа. Эдгээр нь Британи, Бразил, Өмнөд Африк, Энэтхэгт илэрсэн хувилбарууд юм.

B.1.1.7 гэж шинжлэх ухаанд нэрлэгдсэн Британи хувилбарыг цаашдаа олон нийтийн дунд Альфа, B.1.351 гэж нэрлэгдсэн Өмнөд Африкийн хувилбарыг Бета, P.1 гэж нэрлэгдсэн Бразил хувилбарыг Гамма гэж нэрлэхээр тогтжээ.

Энэтхэгээс илэрсэн B.1.617 хувилбар нь дотроо хоёр дэд хувилбарт хуваагдаж байгаа тул B.1.617.2 дэд хувилбарыг Дельта, B.1.617.1 дэд хувилбарыг Каппа гэж нэрлэхээр болсон байна.

Шинэ нэрсийг хэрэглэж заншихыг ДЭМБ дэлхийн улс орнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалжээ.

Грек цагаан толгой нь 24 үсэгтэй байдаг. Эдгээр үсэгнүүдийг хэрэглэж дууссаны дараа яах талаар мэдээлэл алга байна. Ямартай ч дараагийн илэрч болзошгүй аюултай хувилбаруудын нэрэнд Эпсилон, Зета, Эта, Тета, Йота үсэгнүүдийг ашиглах нь тодорхой болжээ.

Эх сурвалж: AFP

Exit mobile version