Нийгэм
“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл хэрэгжинэ
“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл 2021-2024 онд хэрэгжинэ. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилтээр хэрэгжих тус төслийн үндсэн хэрэгжүүлэгчээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, хамтран хэрэгжүүлэгчээр Жендэрийн үндэсний хороо болон холбогдох төрийн байгууллагууд ажиллана.
КОЙКА-ын суурин төлөөлөгч Хатагтай Жу Хэйн-Нан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар төслийн гэрээнд гарын үсэг зурж, төсөл албан ёсоор эхэлж байна.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Илейн Конкиевич, КОЙКА-ын дэд суурин төлөөлөгч хатагтай Ким Су Ян нар оролцлоо.
Төслийн гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Ингэснээр шийдвэр гаргах түвшинд ажиллах сонирхолтой эмэгтэйчүүдийн хүрээ өргөжиж, жендэрийн тэгш байдлын талаарх сонгогчдын болон хэвлэл мэдээллийн ойлголт мэдлэг сайжирч, эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх улс төрийн намуудын ойлголт нэмэгдэхэд дэмжлэг үзүүлнэ.