CRI Монгол радио

“Дэлхийн ногоон зорилтын түншлэл-2030” дээд хэмжээний уулзалт нээгдлээ

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 5-р сарын 30-ны үдээс хойш 2 өдөр хуралдсан “Дэлхийн ногоон зорилтын түншлэл-2030” дээд хэмжээний уулзалт Сөүл хотноо эхэллээ. Дээд хэмжээний уулзалт “Ногоон нөхөн сэргээлтээр дамжуулан нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэх” уриан дор видео хэлбэрээр явагдлаа. Дээд хэмжээний уулзалтад 60 гаруй улс, олон улсын байгууллагын удирдагчид оролцов.

Дэлхийн ногоон зорилтын түншлэл-2030 дээд хэмжээний уулзалт нь 2018 оны 10-р сард Данийн Копенгаген хотод болсон анхны дээд хэмжээний уулзалтын дараах хоёр дахь дээд хэмжээний уулзалт бөгөөд энэ нь Өмнөд Солонгост зохион байгуулагдсан байгаль орчны салбарын анхны олон талт зөвлөлдөх уулзалт юм. Энэ жил “Парисын хэлэлцээр”-ээр тогтоосон дэлхийн температурын 1.5 градусын зорилтыг хэрэгжүүлж буй эхний жилтэй давхцаж, үүнээс гадна КОВИД-19 цар тахал дэлхий нийтийг хамарч байгаа нөхцөл байдалд болж байгаа тул оролцогчид голцуу байгаль орчны хямрал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах мөн тэрчлэн хөгжиж буй орнуудтай хамтран “хүртээмжтэй ногоон сэргэлт” -ийг хамтаар биелүүлэх явцад анхаарлаа хандуулж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтын нээлтийн арга хэмжээ нь “Аль болох эрт дэлхийн төлөө үйл ажиллагаа авах” уриан дор нээлтийн ёслолоо хийж байна. Нээлтийн үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэллээ. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хямралд хариу арга хэмжээ авахаа илэрхийлж, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллаж, хүртээмжтэй ногоон сэргэлтийн төлөвлөгөөг биелүүлэхийг амласан байна. Тэрээр хэлэхдээ, “БНСУ эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэхэд дулааны цахилгаан станцад найдаж буй хөгжиж буй орнуудад туслахын тулд хөгжиж буй орнуудтай идэвхтэй хамтран ажиллах болно. 2025 он гэхэд Өмнөд Солонгос уур амьсгал, ногоон эдийн засагт шаардлагатай байгаа хөгжиж буй орнуудад туслах засгийн газрын хөгжлийн тусламжийг эрс нэмэгдүүлж, 5 сая ам.долларын цар хэмжээтэй ногоон эдийн засгийг дэмжих сан байгуулна. Бид хөгжиж буй орнуудад туслан ногоон хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун мөн энэхүү дээд хэмжээний уулзалтад зориулж видеогоор үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд урьд өмнө тохиолдож байгаагүй КОВИД-19 цар тахал, уур амьсгалын дулаарал гэсэн давхар бэрхшээлд тулгарч байна. Эдгээр бэрхшээлүүд хоёулаа бидний өдөр тутмын амьдралд ноцтой нөлөө үзүүлсэн тул бүх талууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэжээ. Тэрээр хэлэхдээ, “Энэ асуудлыг шийдэхийн тулд КОВИД-19 цар тахал өвчнөөс ангижрах явцдаа ногоон хөгжилд анхаарлаа хандуулж, үүнд тууштай амлалт өгөх ёстой. Түүнчлэн тогтвортой байдлыг сайжруулахын тулд ногоон хөгжлийг даган мөрдөж байгаагаа баталгаажуулах хэрэгтэй бөгөөд бүх талаар хөгжүүлэх чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ нэг ч улс орныг орхигдуулж болохгүй” гэжээ.

Уулзалтад оролцсон олон орны удирдагчид, олон улсын байгууллагуудын тэргүүн нар илтгэлүүдээ видео бичлэгээр дамжуулан хүргэж, ногоон сэргэлт, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал зэрэг сэдвээр байр сууриа илэрхийлэв. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель хэлсэн үгэндээ дэлхийн дулаарал бидний амьдрал, эдийн засгийн үндэс сууринд улам бүр ноцтой нөлөө үзүүлж байгааг тэмдэглээд, дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, чулуужсан шатахуун ашиглахаас аажмаар татгалзах шаардлагатай байгааг онцлов. Тэрээр хэлэхдээ, “Бид эдийн засгийн болон экологийн талаар зорилгодоо хүрэхийн тулд тогтвортой хөгжлийн төлөө шинэлэг зүйл хийж, үр дүнтэй шийдлүүдийг хайж, эрчим хүчний хаягдлыг бууруулах, зардлыг бууруулах ёстой” гэжээ.

Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Же Ин 31-ний өдрийн онлайн хэлэлцүүлгийг даргалж, АНУ-ын Ерөнхийлөгчийн цаг уурын асуудал эрхэлсэн тусгай элч Керри, Данийн Ерөнхий сайд Фредериксен, Нидерландын Ерөнхий сайд Рутте, Европын Холбооны Комиссын Ерөнхийлөгч Вон дер Лейн, Олон Улсын Валютын Сангийн ерөнхийлөгч Георгиева болон бусад хүмүүс хэлэлцүүлэгт оролцоно.

Дээд хэмжээний уулзалтын үеэр эрдэмтэн судлаачдыг урьж, хөдөө аж ахуй, хүнс, ус, эрчим хүч, хотууд, орчил эдийн засаг зэрэг сэдвээр ярилцаж, хаалтын ёслолд “Сөүлийн тунхаглал”-ыг нийтлэх болно.

Exit mobile version