Энтертайнмент

Айзар Акматов: Монголын эсрэг хаалганд зогсоход эвгүй байлаа

Нийтэлсэн

Өчигдөр Японы Осакад болсон 2022 оны дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны Азийн бүсийн тоглолт болж, Монголын шигшээ баг Киргизийн багийг 1:0 ялсан билээ.

Тус тэмцээнд оролцохоор Японд ирсэн Киргизийн багийн хэд хэдэн тоглогч коронавирусний сэжгийн улмаас тусгаарлагдсан. Багийн гурван хаалгач бүгд тусгаарлагдсан тул Киргизийн баг техникийн ялагдал хүлээхгүйн тулд хамгаалагч Айзар Акматовыг хаалганд гаргасан юм. Түүнтэй Киргизийн хөлбөмбөгийн холбооны сурвалжлагч уулзан ярилцжээ.

-Хаалганд зогсоно гэдгээ сонсоод юу бодогдож байв?

-Юм бодох цаг байгаагүй. Тоглолтоос хоёр цагийн өмнө бидэнд мэдэгдсэн тул хэнийг хаалгачаар гаргахаа шийдэх хэрэг гарсан. Намайг хаалга мана гэсэн тул гарсан. Гараараа тоглоход хэцүү байлаа.

-Яагаад чамайг сонгосон бэ?

-Сонголт тун бага байсан. Хэн хаалгачаар тоглож чадах вэ гэж ярилцаад намайг сонгосон.

-Өмнө нь хаалгачаар тоглож байсан уу?

-Албан ёсны тоглолтод бол үгүй. Багадаа тоглож байсан. Хааяа бэлтгэл дээр хаалганд зогсох үе байсан.

-Хаалгачаар тоглоход ямар байв?

-Ээлжит тоглолтдоо л гарч байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Сүртэй юм болоогүй. Олон хүн тусгаарлагдсан, бэлтгэл хийгээгүй тул талбай дээр байрлалаа эзлэхэд бага зэрэг хүндрэл гарсан.

-Хаалгачдын дасгалжуулагч Закир Жалилов ямар даалгавар өгөв?

-Ямар нэг даалгавар байгаагүй. Бие халаахад 20 минут байсан. Цаг ч байсангүй. Дасгалжуулагч гараад тогло гэж л хэлсэн.

-Хаалгач нар бөмбөг мэдрэх гэж ярьдаг. Та мэдэрсэн үү?

-Тийм мэдрэмж төрөөгүй. Торгуулийн талбайн гадна гарч хөлөөрөө ихэнхдээ тоглосон. Монголчууд ганц боломж байснаа ашиглаж чадсан. Ер нь хаалгачийн байрлалд хэр зэргээ харуулах боломж бараг байгаагүй.

Exit mobile version