Энтертайнмент
Австралид үлэг гүрвэлийн аварга том төрлийг нээжээ
Австралийн эрдэмтэд 2007 онд олдсон үлэг гүрвэлийн шинэ төрөл нь тус тивд олдож байсан үлэг гүрвэлүүдээс биеэр хамгийн том болохыг тогтоожээ.
Australotitan cooperensis буюу “өмнөдийн титан” үлэг гүрвэл дэлхий дээр амьдарч байсан аварга том 15 үлэг гүрвэлийн жагсаалтад багтсан байна. Шинжээчдийн хэлснээр, амьддаа титанозавр үлэг гүрвэл 6.5 метр өндөр, 30 м урт байсан ба уртаараа сагсан бөмбөгийн талбайтай дүйцэх байжээ.
Титан үлэг гүрвэлийн араг яс анх Квинсленд мужийн нутаг дэвсгэрээс олджээ. Палеонтологичид эл үлэг гүрвэлийн төрөл зүйлийг тогтоохоор сүүлийн арав гаруй жилийг зарцуулжээ. Ингэхдээ тэд араг ясыг нь зауропод өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийнхтэй харьцуулан шинжилсэн байна. Энэ төрлийн үлэг гүрвэлүүд Цэрд галавын үед буюу 92-96 жилийн өмнө тус тивийг эзэгнэж байв.
Титан үлэг гүрвэлийн төрлийг тогтоох үйл явц араг ясны байрлал, хэмжээ, хадгалагдсан байдлаас шалтгаалан ийм урт хугацаа авсан гэж Квинслендийн музей, Ероманга Байгалийн түүхийн музейн судлаачдын хамтарсан баг учирлажээ.
Квинслендийн Засгийн газар мягмар гарагт эрдэмтдэд нээлт хийсэнд баяр хүргэж, үүгээр бүс нутгийн үлэг гүрвэл судлалд жинтэй хувь нэмэр орууллаа гэж сайшаажээ.