Улс төр
У.Хүрэлсүх: Хур бороо орж, нар мандсан энэ өдөр сэтгэл өндөр сонгуульдаа оролцоод сайхан байна
Монгол Улсын иргэн, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 48-р сургууль дээр өглөө 7.30 цагт саналаа өгчээ.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил тэгш ойнууд давхацсан түүхэн жил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ түүхэн ойнуудтай давхцаж байгаа нь билэг дэмбэрэлтэй байна. Хур бороо орж, нар мандсан энэ өдөр сэтгэл өндөр сонгуульдаа оролцоод сайхан байна.
Надтай хамт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа сонгуульд нь өндөр амжилт хүсье. Эмнэлэгт байгаа Д.Энхбат болон гэр бүлийнх нь хүнд эрүүл энхийг хүсье. Хурдан эдгэрээрэй. Цар тахлыг бид хамтдаа даван туулж гарах ёстой.
Монголчууд үндэсний дээлээрээ гоёж саналаа өгдөг нь үнэт зүйл. Иргэддээ ч амжилт хүсье. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж ерөөе” хэмээн ярилаа.
Түүний охин У.Мандухай энэ жил 18 нас хүрч, анх удаа сонгуульд оролцож байгаа аж.
Тэрбээр “Саналаа өгөхдөө буруу бөглөчих вий гээд үнэхээр сандарлаа” гэв.