Энтертайнмент
Александр Хоцяновский: Ковид туссан ч олимпын бэлтгэлдээ гарсан
Украины чөлөөт бөхийн ОУХМ, ДАШТ, Европын наадам, тивийн аваргын хүрэл медальт Александр Хоцяновский Токиогийн олимпын наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Түүнтэй KP.ua агентлагийн сэтгүүлч уулзан ярилцжээ.
“Шигшээ баг одоо Одесст цугларалтад гараад байна. Эхний цугларалтад биеийн бэлтгэл, хүчний дасгалд гол анхаарлаа хандуулж байна. Дараа нь барилдааны бэлтгэл хийж эхлэнэ. Гэхдээ нэг маш том асуудал байгаа нь надад бэлтгэл хангагч алга. Сайн бэлтгэл хангагчид байхгүй болохоор би том тэмцээний хагас шигшээд алдаа гаргаж ялагдах явдал их бий. Би Киевт амьдардаг. Энд хүнд жингийн бөх байхгүй. Бусад жинд 6-7 бэлтгэл хангагч байгаа ч миний 125 кг-д шигшээ багт гурван бөх л бэлтгэл хангагчаар ирсэн. Залуухан хүүхдүүд тул тэд надтай бэлтгэл хийгээд сайжрахаас биш надад тус алга. Уг нь надад Токиод олимпын медаль авах сайхан боломж байгаа. Сүүлийн гурван жилийн бүх том тэмцээнд би медаль авсан. Хүнд жинд дэлхийн сүүлийн гурван удаагийн аварга Гүржийн Гено Петриашвили, олимпын аварга Туркийн Таха Акгюль гэсэн хоёр л тасархай бөх бий. Бусдыг нь би бүгдийг нь ялж байсан. Олимпын сугалаанаас их зүйл шалтгаална. 2018 онд Киевийн олон улсын тэмцээн дээр би Петриашвилиг ялж байсан. Дахиад ч ялах боломжтой. Би 21 хоногийн өмнө ковид тусаад эдгэрсэн. Олимпын өмнө формондоо орж амжина. Санаа зоволтгүй”