Нийгэм

“Допингийн асуудал”-ыг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэх шалтгаанаар хаажээ

Нийтэлсэн

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө бөхчүүдийн дунд хардлага, маргаан төрүүлж, бөх сонирхогчдын бухимдлыг төрүүлээд байгаа допингийн асуудлыг шийдэхээр тал тал тийш албан бичиг илгээсээр байна. Допингтой холбоотой асуудлыг шийдэхгүй бол наадамд барилдахгүй гэдгээ зарим бөхчүүд илэрхийлж, наадам бойкотлох хэмжээнд асуудал хурцдаад байна.

Тухайлбал, МҮБХ-ноос 2021.06.02-ны Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын түр орлон гүйцэтгэгч, хууль, цаазын тэргүүн зөвлөх Д.Баянжаргалд АЛБАН ШААРДЛАГА хүргүүлсэн.

Тэгвэл “МҮБХ-ноос таны нэр дээр 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус “Их Эе” хурал болж өндөрлөлөө. “Их Эе” хурлаас Авлигатай тэмцэх газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гаргаж өгөхийг шаардан, гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна” гэж тодотгосон шаардлагын хариуг Нийслэлийн прокурорын газраас МҮБХ-нд хүргүүлжээ.

Хариу мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Ц.МАГАЛЖАВ ТАНАА

Гомдлын хариу өгөх тухай

Танай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/71, 2021 оны 06-р сарын 03-ны өдрийн 01/93 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлуудыг хүлээн авч танилцлаа. Та бүхэн гомдолдоо Авилгатай тэмцэх газраас шалгасан “допингтой холбоотой 38 бөхийн зөрчил” гэсэн хэргийг сэргээн шалгуулах зөрчил гаргасан 38 бөхийн нэр болон хэргийн талаарх мэдээлэл ирүүлэх талаар тус тус дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “Оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно” гэж,

30.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх… ”,

30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “… прокурор …. хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, энэ тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж,

29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэж тус тус заасан.

Авлигатай тэмцэх газраас шалгасан хэргийн тухайд, иргэн Э.Оюунболдоос гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан ба энэ хэрэгт танай байгууллага дээрх хуульд заасны дагуу аль нэг оролцогчоор тогтоогдоогүй тул мөрдөгч, прокуророос тухайн хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, мэдэгдээгүй байна.

Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийн түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага болохын хувьд, түүнчлэн гишүүдийнхээ эрх ашгийн үүднээс хууль хяналтын байгууллагад удаа дараа гомдол гаргаж байгаа зэргийг хүндэтгэн үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.14, 2.24, 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын бүрэн эрхийн хүрээнд тус прокурорын газраас хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн талаар дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

1. Иргэн Э.Оюунболдоос 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “… Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд барилдан тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсгийн нэр бүхий албан тушаалтнууд нь шинжилгээний сорьцыг өөрчлөх, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, төөрөгдөлд оруулах замаар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй…” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч шалгаад, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хорооны хамтарсан тушаалаар байгуулагдсан Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг болон Допингийн эсрэг үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд нь сэргээшийн шинжилгээний дээж авч, итгэмжлэгдсэн лабораторт хүргэх, ирсэн хариуг олон нийтэд мэдээлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, олон нийтэд бодит бус мэдээлэл өгч, хахууль авсан гэх асуудал нь тус тус тогтоогдоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

3. Авлигатай тэмцэх газраас дээрх хэргийг шалгах явцдаа БНСУ дахь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораториос Үндэсний их баяр наадмын бөхийн төрөлд 2009-2019 онд шөвгөрсөн бөхчүүдээс авсан шинжилгээний дэлгэрэнгүй хариуг эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд гаргуулж авсан байна. Тус итгэмжлэгдсэн лабораторт хийгдсэн шинжилгээгээр 2009-2019 онд шөвгөрсөн бөхчүүдээс нийт 11 бөхийн сорьцонд хориглосон жагсаалтад багтсан сэргээшийн төрлийн бодис илэрч, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцсон байна.

4. Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Нийслэлийн прокуорын газарт ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/64 дугаартай “Допингтой холбоотой хэргийг татаж хянуулах тухай” албан бичгийг орлогч прокурор А.Энхжаргал хүлээн авч танилцаад, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4/2050 дугаартай албан бичгээр “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “…прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тухай хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй тул Монголын Үндэсний Бөхийн Холбоонд мэдэгдэх, прокурорын шийдвэрийг хүргүүлэх хууль зүйн боломжгүй болно” гэсэн хариуг танай холбоонд хүргүүлжээ.

Гэтэл танай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/71 дугаартай албан бичигт “…Танай байгууллагад манай холбооноос 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-аас татан авч хянан үзэхийг хүсэхэд АТГ нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан байна хэмээн хариу өгсөн…” гэж дурдсан нь орлогч прокурорын дээрх албан бичгийн агуулгатай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэн Э.Оюунболдын гаргасан гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баянжаргал

Exit mobile version