Бидэнтэй нэгд

Эдийн засаг

С.Цэвээндорж: Импортын чингэлэг тээврийн хуримтлал нь цар тахлаас үүдсэн түр зуурын хүндрэл

Нийтэлсэн

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндоржтой ярилцлаа.

-Дэлхий даяар дархлаажуулалт эхэлсэнтэй холбоотой улс орнуудын царцсан эдийн засаг сэргэж, хөдөлгөөнд орж эхэллээ. БНХАУ-ын Тяньжин боомтод үүсээд буй асуудал ч энэ бүхний илрэл гэж эдийн засагчид, мэргэжлийн холбоо нь тайлбарласан. Тээврийн салбарт яг энэ чиглэлийг хариуцан ажиллаж байгаа хүний хувьд та бидэнд илүү бодитой мэдээлэл өгнө үү. Юунаас болж дээрх нөхцөл байдал үүсээд өнөөдөр ямар түвшинд хүрээд байна вэ?

-Дэлхий нийтэд ковид-19 цар тахал тархсантай холбогдуулан бүх улс орны бараа нийлүүлэлт татан авалт зогсонги байдалд орсон. 2021 он гарсаар олон улсын хэмжээнд вакцинжуулалтыг эрчимтэй хийж, царцсан байсан эдийн засаг сэргэж, хөдөлгөөнд орж эхэллээ. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд нь хоёрдогч, гуравдагч орнуудаас бараа таваар худалдан авах, татах ажил багагүй хийж буй нь манай улсын хувьд эдийн засаг сэргэж байгаагийн нэгэн илрэл гэхэд болно. Монгол Улс руу чиглэсэн импортын бараа нийлүүлэлтийн 70-80 хувь нь далайн тээврээр буюу БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин орж ирдэг.

Тус боомтоос Монгол руу чиглэсэн ачаа барааг нэг галт тэрэг болгон найруулж явуулдаг бөгөөд Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэл дунджаар 8-10 шат дамжлага /ялгалт, гааль, хорио цээрийн байгууллага, галт тэрэгний хатуу хуваарийг хүлээх гэх мэт/-ыг дамжин 15-30 хоногт ирдэг юм. Сүүлийн үед чингэлэг тээврийн гол саатаж буй шалтгаан нь ачаа барааны татан авалт огцом нэмэгдсэнээс шалтгаалж Тяньжин боомтоос Монгол руу чиглэсэн импортын чингэлгийн хуримтлал нэлээд бий болсон. Зургадугаар сарын эхээр гэхэд хуримтлагдсан чингэлгийн тоо 3062 хүрсэн гэдгийг Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос ЗТХЯ-нд гаргаж өгсөн байдаг. Өнөөдрийн байдлаар, Тяньжин боомтоос Монгол руу чиглэсэн нэг галт тэрэг явдаг байсныг хоёр болгосноор зургадугаар сарын 9-28-ны хооронд 3062 чингэлгээс 1901 нь тээвэрлэн оруулж ирээд байна.

-Тяньжин боомтоос Эрээн рүү өдөрт нэг чингэлгийн галт тэрэг гардаг байсныг хоёр болгож нэмэгдүүлсэн гэж байна. Ер нь, БНХАУ-ын талаас цаашид манай руу чиглэсэн импортын чингэлгийн хуримтлалыг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж та харж байна вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Тяньжин боомтоос Монгол Улс руу чиглэсэн ачааны урсгал нэмэгдсэн. Мөн энэ тээврийг хэрхэн зохион байгуулах талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос манайд хандаж хүсэлт тавьсны дагуу холбоо болон бусад томоохон тээвэр зуучийн байгууллагуудыг оролцуулсан цахим хурлыг УБТЗ-ын зүгээс зохион байгуулсан.

Монгол Улс руу ирэх импортын ачаанд УБТЗ нь ямар нэгэн хориг тавьдаггүй. Тэр дундаа ковидын энэ хүнд үед ирж буй бүх ачааг саадгүй хүлээн авах талаар мэдэгдсэн бөгөөд уг хуримтлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд ЗТХЯ, Гадаад хэргийн яамаар дамжуулан УБТЗ болон Зуучлагчдын нэгдсэн холбоо хамтарч ажилласнаар илүү үр дүнтэй байх талаар хэлэлцэж зөвлөлдлөө. Зуучийн холбоо болон тээвэр зуучийн байгууллагууд нь Тяньжин-Замын-Үүдийн чиглэлийн тээврийг хурдан шуурхай зохион байгуулахад Хятадын төмөр зам болон зуучлагч байгууллагуудад хандаж хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах нь чухал. Үүний тулд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэгт миний бие багтаж, зургадугаар сарын 10-12-ны хугацаанд Замын-Үүд өртөөнд ажилласан. Ажлын хэсэг Эрээн хотын орлогч дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд нарыг оролцуулан Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлгүүд мөн Эрээн өртөөнд хуримтлагдсан авто тээврийн ачааг хэрхэн шуурхай зохион байгуулж, татан авах асуудлаар цахимаар хуралдан нэг чингэлгийн галт тэрэг явж байсныг хоёр болгож нэмэгдүүлсэн. Уг хуримтлал нь ковид-19 цар тахлаас шалтгаалсан түр зуурын хүндрэл тул удахгүй хэвийн хэмжээнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Гэрэл зургийг Б.Тэмүүлэн
-Цаанаас ирэх ачаа урсгал нэмэгдэж буй нь УБТЗ-ын ачаа тээврийн хэвийн урсгалд нөлөөлөх нь ойлгомжтой. Ялангуяа, хилийн өртөөдийн галт тэрэг солилцоонд хүндрэл гарах болов уу гэж харагдаад байх юм. Хэдий БНХАУ-ын талд галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх санал тавиад байгаа ч техникийн хувьд энэ боломжтой зүйл үү?

-Дахиад хэлэхэд, БНХАУ-аас ирж буй импортын ачааг ковидын энэ хүнд үед ямар ч асуудалгүй авна. Харин Монгол-Хятадын хилийн хэлэлцээрээр баталсан тэгш чиглэлийн галт тэрэгний хэмжээ 14 галт тэрэг гэж зааснаас нэг галт тэрэг нь экспортын чингэлгийн галт тэрэг. Хятад талаас хоногт импортын чингэлгийн хоёр галт тэрэг хүлээн аваад зөрүүлээд нэг хоосон экспортын галт тэрэг хүлээлгэн өгч байгаа нь хоосон чингэлгийн хуримтлалыг бий болгох нь ойлгомжтой. Гэсэн ч УБТЗ бүхий л нөөц бололцоогоо дайчлан хоосон чингэлгүүдийг буцаахын тулд өдөр бүр хатуу зурмагаар галт тэрэг буцаах ажлыг зохион байгуулдаг. Одоогоор айхтар үүссэн хуримтлал байхгүй. Хойшид зуучийн холбоо болон зуучийн байгууллагууд чингэлгийн асуудлыг Зам, тээврийн хөгжлийн сайдын А/154 тоот тушаалын дагуу сарын өмнө захиалга өгч хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай боллоо. УБТЗ-ын зүгээс Хятадын талд хүлээлгэн өгөх галт тэрэгний тоог 20 хүргэх саналыг удаа дараа хүргүүлж, хилийн хэлэлцээрт оруулсан боловч одоогоор Эрээн өртөөний хүчин чадал хүрэхгүй гэсэн шалтгаанаар тодорхой үр дүн гараагүй л байна. Манай талаас техникийн хувьд бүрэн боломжтой.

-Импортын чингэлэг тээвэр нэмэгдсэн нь Монголын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээврийн шуурхай байдалд нөлөөлөх эрсдэл бий юу. УБТЗ олон улсын өмнө үүрэг хүлээж тодорхой хэмжээний ачаа урсгал өөртөө татдаг шүү дээ?

-Импортын чингэлгийн тээвэр жил бүрийн өдийд нэмэгддэг ч уг тээвэр транзит чингэлгийн тээвэрт нөлөөлсөн зүйл байхгүй. Энэ нь, богино хугацаанд үүссэн хүндрэл тул хэсэгхэн хугацааны дараа даван туулах нь ойлгомжтой. УБТЗ-ын хувьд хөрш хоёр төмөр замаас өгсөн бүх төрлийн ачааг саадгүй хүлээн авч тээвэрлэдэг. Дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хувьд төлөвлөгөөгөө хангалттай сайн биелүүлэн ажиллаж байгаагийн зэрэгцээ олон улс орны тээвэрлэгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Ази-Европ тивийг холбосон хуурай замаар ачаа барааг өөрийн хүчин чадалд тохируулан саадгүй тээвэрлэх үүргээ маш сайн биелүүлэн ажиллаж байгаа гэж хэлж болно.

-Эрээн-Улаанбаатар чиглэлийн авто тээврийн хөлс нэмэгдсэн нь импортлогчдыг хүссэн хүсээгүй төмөр замын тээврийг сонгоход хүргэх байх гэтэл байдал эсрэгээрээ. Яагаад чухам төмөр замаар ачаагаа тээвэрлүүлэх сонирхол бага байна вэ. Уг нь, Замын-Үүдээр экспортод гарч буй вагонууд хоосон буцдаг биз дээ?

-Эрээн-Улаанбаатар чиглэлийн автомашины тээврийн хөлс ойролцоогоор 70000 юань болтол өссөн гэж дуулсан. Ер нь, автомашинаар тээвэрлэж буй ачааны гол нэр төрөл нь хүнс, нарийн ногоо, цахилгаан бараа гэх мэт ачиж, буулгахад хялбар хөнгөн даац багатай ачаа байх нь элбэг. Харин хүнд даацын арматур, ган хоолой, аюултай ачааг УБТЗ-аар тээвэрлэсээр л байгаа. Ковидын хатуу хөл хорионы үед Замын-Үүд-Эрээн боомтоор автомашины тээврийг хязгаарласантай холбогдуулан Улсын онцгой комисс, Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Хятадын төмөр замтай харилцан зөвшилцсөнөөр өргөн, нарийн царигаар хүнсний болон нэн шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг Эрээн өртөөнд ачаанаас суларсан УБТЗ-ын эзэмшлийн хоосон вагонуудад болон Хятадын нарийн царигийн вагонуудад ачиж, тээвэрлэх ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд өргөн царигаар 192 вагон, нарийн царигаар 752 вагон гээд нийт 944 вагон хүлээн авч тээвэрлэсэн байна. Хятадын төмөр замын Эрээн өртөө нь ачааны ажиллагаанд нээлттэй өртөө биш. Дээр нь, аюултай хортой, хүнд даацын ачаа барааг вагоноор ачих техник технологийн хувьд боломжгүй. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд зөвшөөрдөггүй зэрэг шалтгаанаас болж төмөр замын тээвэр рүү шилжих боломж нь хязгаартай байгаа харагддаг.

-Ер нь, УБТЗ импортын ачаа тээврийг ямар үнэ өртгөөр зохион байгуулдаг вэ?

-УБТЗ-ын хувьд вагон, чингэлэг гэлтгүй нэг тонн/км-т 11000-27000 төгрөгийн хооронд тээвэрлэдэг. Одоогийн зах зээлийн хувьд хамгийн бага тариф гэж бодож байна. УБТЗ-ын тээврийн тариф нь бүгдэд нээлттэй, сонирхож буй хүмүүс www.ubtz.mn сайтаар орж ачааны тээврийн тарифын тооцоолол цонхноос харах бүрэн боломжтой.

-УБТЗ БНХАУ-Европ чиглэлийн дамжин өнгөрөх чингэлэг тээврээ нэмэгдүүлэхийн тулд Тяньжин боомтоос гарах галт тэргийг авахгүй байгаа гэх буруу зөрүү ойлголт, хардлага УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийн дунд анзаарагдах боллоо. Та энэхүү зөрүүтэй ойлголтыг мухарлах үүднээс үнэн зөв мэдээлэл өгөхгүй юу?

-Иймэрхүү буруу ойлголт байж болохгүй ээ. Төмөр замууд жил бүр ачааны хэмжээ, галт тэрэгний тоог урьдчилан төлөвлөж, нарийн тохиролцон тээврийг зохион байгуулдаг. Хятадын төмөр замд хүлээлгэн өгч байгаа 14 галт тэрэгний 10 нь уул уурхайн нурмаг ачаа, хоёр нь дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг. Нэг нь экспортын хоосон чингэлгийн галт тэрэг. Үлдсэн нь төрөл бүрийн ачаанаас бүрдсэн галт тэрэг байдаг. Энэ тоог нэмэгдүүлэхийн тулд УБТЗ нь тээвэрт оролцож буй ЗТХЯ болон Гадаад хэргийн яам, Зуучийн холбоо гээд бүх байгууллагуудтай хамтран ажилладаг.

-Цаг үеийн асуудлаар манай уншигчид тодорхой мэдээлэл авсан гэж найдаж байна. Нэгэнт тантай уулзсаных цар тахлын үед танай алба хэрхэн ажиллаж байгаа талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь. Ялангуяа, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар үйлддэг болсон нь сайшаалтай. Хүнтэй заавал контакт авахгүй байна гэдэг цар тахлын үед их оновчтой шийдэл болсон шиг санагдсан.

-Баярлалаа. УБТЗ дэлхий нийтэд тархаад байгаа ковид-19 цар тахлын онцгой хүнд нөхцөлд төлөвлөгөөгөөр 15.064 сая.тонн ачаа тээвэрлэхээс 15.764 сая.тонн ачаа буюу 104.6 хувиар биелүүлэн амжилттай ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй болов уу. /энэ сарын 27-ны байдлаар/ Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем хангамжийг хоёр жилийн хугацаанд техникийн даалгаврыг боловсруулан програм хангамжийг Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албатай хамтран бичиж, 2019 оноос эхлэн үе шаттайгаар үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. 2020 онд орон нутгийн тээврийн бичиг баримтыг 100 хувь цаасгүй технологид шилжүүлсэн. Мөн хөрш зэргэлдээ төмөр замуудтайгаа дамжин өнгөрөх болон импорт, экспортын олон улсын тээврийн бичиг баримтын бүх өгөгдлийг цахимаар авч солилцож байгаа хэдий ч цаасан байдлаар давхар явуулж л байгаа. Үүнийг 100 хувь цахим болгохын тулд бид Монгол Улсын гааль болон бусад төрийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй бүрэн цахимд шилжинэ. Ачаа тээврийн үйл ажиллагааг цахим болгосноор ямар ч хүнд цаг үед ажлыг тасралтгүй жигд шуурхай явуулахад маш оновчтой сайн үйлчилгээ болсон гэж миний хувьд үздэг.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Сэтгүүлч Б.Мөрөн

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа