Дэлхий

Өмнөд Солонгосын Бусан хотын захирагч асан бэлгийн дарамтын хэргээр гурван жилийн хорих ял сонслоо

Нийтэлсэн

Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусаны захирагч асан эрхэм хоёр эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлж байсан хэргээр өчигдөр шүүхээс гурван жилийн хорих ял сонсжээ.

Ажилтнуудтайгаа зүй бус харьцдаг шалтгаанаар О Кео Дон өнгөрсөн онд 3.5 сая оршин суугчтай Бусан хотын захирагчийн албан тушаалаас огцорч байсан юм.

Түүнийг огцорсноос хойш гурван сарын дараа Сөүл хотын захирагч, 65 настай Пак Вон Сүүн амиа хорлосон байна. Тухайн үед захирагчийг нэг эмэгтэй ажилтан нь бэлгийн дарамт үзүүлсэнд буруутгаж байжээ.

Хоёр захирагч асан хоёул Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний эрх баригч Ардчилсан Намын улс төрчид тул ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд муугаар нөлөөлж болзошгүй байна.

Энэ оны дөрөвдүгээр сард болсон орон нутгийн сонгуулиар Ардчилсан Нам дээрх хоёр хотын захирагчийн суудлыг сөрөг хүчинд алдаад байгаа.

72 настай О Кео Дон бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын гурав дахь орон нутгийн засаг захиргааны тэргүүн болж байна. 2018 онд Өмнөд Чунчон мужийн захирагч, 56 настай Ан Хэ Жүн мөн ийм хэргээр албан тушаалаасаа огцорч, 2019 онд болсон шүүх хурлаас 42 сар шоронд хоригдох ял сонсож байв.

Түүний нарийн бичгийн дарга асан Ким Жи Юн даргадаа дөрвөн удаа хүчиндүүлсэн тухай хэвлэлд өгсөн ярилцлагад дэлгэж байжээ.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Иний либерал засгийн газар бэлгийн дарамтын дуулиануудаас гадна орон сууцны үнийн өсөлт, төрийн албан хаагчдын газрын наймааны хэргүүд зэрэгт буруутгагдаж байгаа нь сөрөг хүчний консерватив намд ялах боломж олгож байна.

Эх сурвалж: AFP

Exit mobile version