Дэлхий

ДЭМБ Хятадыг хумхаа өвчнөөс бүрэн ангижирсан орноор зарлалаа

Нийтэлсэн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад улсыг хумхаа өвчнөөс бүрэн ангижирсан орноор зарлажээ. Энэ талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейес мэдэгдэж олон жил хумхаа өвчтэй тэмцсэн Бээжингийн амжилтад баяр хүргэсэн байна. Тэрээр, “Бид Хятад улсыг хумхаа өвчнөөс ангижирсанд баяр хүргэж байна. Энэ нь асар их хөдөлмөрийн үр дүнд олон арван жил тууштай зүтгэсний гавьяа” гэжээ.

Хятад улс сүүлийн 30 жилийн түүхэнд Номхон далайн баруун бүсийн улс орнуудаас хумхаа өвчнөөс ангижирсан гэх гэрчилгээг ДЭМБ-аас авсан анхны улс болжээ.

Ийм гэрчилгээ авахын тулд тухайн улсын бүхий л газар нутагт сүүлийн гурван жилийн хугацаанд хумхаа өвчний тархалт бүртгэгдээгүй байх ёстой аж. Дэлхий дахинд 40 улсыг хумхаа өвчнөөс ангижирсан орноор зарлаад буй.

ХХ зууны 40-өөд онд Хятадад жил бүр хумхаа өвчний 40 сая тохиолдол бүртгэгддэг байжээ. 1950-иад оноос Эрүүл мэндийн байгууллагаас хумхаа өвчтэй тэмцэх идэвхтэй арга хэмжээ авч, шумуулын үржлийг зогсоож эхэлсэн байна. Дөрвөн жилийн хугацаанд уг өвчний тархалт бүртгэгдээгүй тул Хятад улс ДЭМБ-д хумхаагаас ангижирснаа батлуулах гэрчилгээ авах өргөдлөө өгсөн байна.

Хумхаа өвчин нь цусны улаан эсэд халдварладаг Plasmodium гэж нэрлэгддэг шимэгчээр үүсгэгддэг халдварт өвчин бөгөөд Anopheles төрлийн шумуул халдвар дамжуулдаг байна. Шумууланд хазуулснаас хойш 7-15 хоногийн дараа толгой өвдөх, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үхэлд хүргэх аюултай юм.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version