Улс төр

Хүчтэй, зөв сөрөг хүчний орон зай эзгүй байна

Нийтэлсэн

Бүтэн жилийн турш үргэлжилсэн бүх шатны сонгууль өндөрлөж төр, засгийн эрхийг бүхлээр нь барих боломжийг МАН сонгогчдоосоо авлаа. Ямар боловч 2024 оны УИХ, орон нутгийн сонгууль хүртэл ямар нэг тээг саадгүйгээр нэгэн чигт харж шийдвэрээ гаргаж, бодлогоо боловсруулан мөрийн хөтөлбөрөө дангаараа хэрэгжүүлэх том үүрэг эрх баригчдад ногдов. 1992-1996, 2000-2004 оны хооронд л МАН буюу тухайн үеийн МАХН ингэж үнэмлэхүй эрхтэйгээр төр, засаг барьж байв. Бусад хугацаанд эсвэл Засгийн газрыг АН-тай хавсран байгуулж, нэг бол АН-тай УИХ-д эн тэнцүү шахам суудал авч, 2009 оноос хойш Төрийн тэргүүн нь АН-аас сонгогдож ҮАБЗ холимог бүтэцтэй явж ирсэн. Тэгэхээр 17 жилийн дараа МАН үнэмлэхүй ялалтаа эргүүлэн авлаа гэсэн үг. Уг угшил нэгтэй МАХН-тай Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буцаж нэгдсэн нь үүнд том үүрэг гүйцэтгэсэн.

Эсрэгээрээ өрсөлдөгч болох АН үндэсний хэмжээний нам байснаа хуваагдан задарч, тогоон дотроо тэрсэлдэх болсноор МАН-ыг хүчтэй өрсөлдөгчгүй, сонгууль хэмээх уралдааны замд тааваараа гүйгээд түрүүлэх замыг нээсэн хэрэг.

Нэг үгээр хэлбэл, Монголын өнөөгийн улс төрд хүчтэй, зөв, шударга, төлөвшсөн сөрөг хүчний орон зай эзгүй байна.

Сөрөг хүчин байх гэдэг нь өөрөө улс төрийн том соёлын илэрхийлэл юм. Парламентад цөөнх боллоо, Засгийн газрын танхимд суудалгүй, Ерөнхийлөгчийн сэнтийгээ алдлаа гээд тэд юм болгоныг утга учиргүй сөрж, эсэргүүцэж, өс зангидаж, ажлын садаа, улс орны урашлах замын бартаа болох ёсгүй. Харин ч эрх баригчдын түшиг нь сайн сөрөг хүчин байх учиртай.

Магадгүй, дан ганц нэг намаас Төрийн тэргүүн болон хууль тогтоох, гүйцэтгэх засаглал дангаараа бүрдсэн учраас хөндлөнгөөс харахад алдаа, дутагдал, засаж залруулмаар үйлдэл ажиглагдах нь зүйн хэрэг. Түүнийг л сөрөг хүчин анзаарч, мэдэрч, зөвд нь урам дэм өгч, буруудвал ухааруулж, зөвлөж, ташуур өгөхдөө өгч, жолоог нь татахдаа татаж, санаагүйг сануулж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь АН болон улс төрийн бусад намын үүрэг болж байна.

Хөндлөнгийн ажиглагч, шударгаар шүүмжлэгч, шинжээч, зөвлөгчийн үүрэг гүйцэтгэх учиртай сөрөг хүчин өнөөдрийнх шиг үлбэгэр сулбагар, дотоод зөрчилдөө идэгдсэн хэвээр байвал тэр хэрээр улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд доголдол гарч мэднэ. Нэг толгойгоор бодох сайн ч хоёр толгой илүү сайн гэж үг байдаг даа. Бас хүн хэдий мэргэн ч хэлэхээс нааш санахгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэсэн үг бий.

Сүүдрийн Засгийн газар байгуулж, эрх баригчдын амлалтыг сануулж, алдсаныг залруулж, мартсаныг сэхээрүүлж, зүүрмэглэвэл сэрээж байх учиртай сөрөг хүчин тэгвэл өнөөдөр хаана байна?

Төр, засгийн эрхийг барьж үзсэн туршлагатай, үндэсний хэмжээнд бүтэц, гишүүдтэй АН-д сонгуулийн хариуцлагатай сүүлийн хоёр жилд сөрөг хүчин болох байтугай доторх хагарлаа эвлэрүүлэх сэхээ байсангүй. Хоёр дарга, хоёр тамгатай хоёр нам болчихоод аль нь жинхэнэ Дамбийжаа, хэн нь хуурамч Жа лам болох нь мэдэгдэхээ больсон. Жинхэнэ, хуурамч Дамбийжанцангууд сонгуульдаа бэлтгэхийн оронд бие биетэйгээ арцалдаж, хуурай нойтон өлсгөлөн зарлаж, лидер байсан эрхэм нь нөгөө талын нэгнээ дүүжлэнэ, өлгөнө хэмээн олон мянган гишүүдийнхээ өмнө авирлаж олны дургүйг хүргэн цааш түлхсэн. 1990 онд ганц намтай байхад ч гарч байгаагүй үзэгдэл болж, ардчилагчид маань зарим нэгнээ төв талбайд оруулалгүй хөөж тууж ч байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүнгүй болж, ямар ч бэлтгэлгүй байсан С.Эрдэнэ өрсөлдөгчөө гоц мөргүүлээд яах вэ гэсэн байдлаар “зодоглож” цагаан хуудсанд өвдөг шороодон “Баян ходоод” болох шахсан.

Ардчилалд төдийгөөс өдий хүртэл үнэнч явсан гишүүд нь дээрх лидерүүдийнхээ арчаагүйд гутрахдаа зүрхэндээ гуниг, цээжиндээ нулистайгаар цагаан хуудас түлхэж, зарим нь “Зөв хүн Электорат”-ын Д.Энхбатыг дэмжиж, нөгөө хэсэг нь МАН-ын нэр дэвшигчид саналаа өгч, бүр цөхөрсөн хэд нь сонгуульд оролцолгүй гэртээ үлдсэн.

Улс төрд гуравдагч хүчний орон зай, АН-ыг орлох хүчний хүсэмжлэл хэр их байгааг “Зөв хүн Электорат”-ын Д.Энхбатын авсан санал харуулж байна. Ингэж АН анх удаа сонгуулийн түрүүг бүү хэл аман хүзүүгээ алдаж сүүл мушгиж үзлээ. Сөрөг хүчин байх ёстой АН-ын дууль саяын сонгуулиар ингэж төгсөв.

Гутарсан ардчилагчдынхаа урмыг сэргээхээр Х.Баттулга Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ сүүлийн өдөр Монгол Улсын баатрын хүндэт цолыг МоАХ-ны туганд дуулиан чимээ багатайхан зүүж өгөв.

Уг нь энэ цолыг ардчилагчид цогтой, галтай, итгэлтэй явсан 2009 онд, ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ойгоор нь МоАХ-д өгөх учиртай байсан. Гэвч ганц нөхрийн энгэр цоолоод өнгөрсөн нь утга учраа огт олоогүй.

Сонгууль болоод өнгөрсөн ч АН-ынхан сөрөг хүчин болох нь бүү хэл, дотоод хагарлаа засах янз алга. М.Тулгат даргатай хэсэг нь Ц.Элбэгдорж, Да.Ганболд тэргүүтэй хуучин лидер хориод хүний бүрэлдэхүүнтэй зөвлөхүүдийн танхимтай болсон дуулдана. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргатай хэсэг буюу парламент дахь АН-ын бүлгийн гишүүд болон экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжигч талынхан ч мөн тийм бүтэцтэй болж магадгүй. Аль аль тал нь намаа нэгтгэх, нэг болгох талаар дуугардаг боловч хоёр талд, хоёр тийш харж суучихаад үглэхээс цааш гарах шинж одоогоор алга. Үндэсний хэмжээний хүчтэй нам байж, төрийн эрхийг барихдаа барьж, сөрөг хүчин болохдоо болж явсан АН ийм байдалд орсонд эгэл жирийн гишүүд буруугүй.

Гагцхүү АН-ыг удирдаж залж явсан эрхмүүдийн олон жилийн дотоод зөрчил, залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөлгүй доош дардаг аль 1990 оны партизан дарга нар, орон зайг нь эзлэе гэвч архаг ахмадуудынхаа аргыг олдоггүй, туушгүй туйлбар муутай залуус хоорондоо толхилцсоор Монголын улс төрийг сөрөг хүчингүй болголоо. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй нам байвч тэдэнд сөрөг хүчин болох чадал үгүй, ихэнх нь дарга, тамга, тугнаас цаашгүй “Цүнхний нам”-ууд. Дарга нь тамга, тугтай цүнхээ гээж орхивол тэр нам арчигдлаа гэсэн үг.

Нэгэн цагт АНУ-ын Ардчилсан нам, Бүгд найрамдах намтай өөрсдийгөө жишиж, бие биеэ хурцалж явсан МАН, АН хоёрын нэгийнх нь морь эцлээ.

Бодлогоороо өрсөлдөх, үйл ажиллагаараа уралдах, сонгогчдынхоо дэмжлэгийг илүү авахын төлөө хичээн зуузай холбох хүчингүй болохын цагт дан ганцаараа төр, засгийн эрхийг баригчдад санаа амрах, алгуурлах, бодож саналгүй өнгөрөөх зүйл гарахгүй гэх газаргүй.

Ер нь улс төрийн намын удирдлагад шинэ үеийнхэн гарч ирж байж шинэчлэгдэн хүчирхэгждэг гэдгийг МАН харуулсаар байна. 1990 оны дараа үзэл баримтлалаа алдаж, Нагаржунайн төв ёсны онол гэдэгт төөрч будилж, ерөнхийдөө ахмадуудаас бүрдэж явсан МАН (МАХН)-ыг 1997 онд 39 настай Н.Энхбаяр удирдах болсноор залуу шинэ цус сэлбэж өнөөгийн төрхөө олсон. Дараа нь 1960-аад оныхон залгаж, өнөөдөр 1980 оны төлөөлөл 41 настай Л.Оюун-Эрдэнэ ууган намыг тэргүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, “Шинэ мянганыхан” намын удирдлагыг гартаа авлаа. Мэдээж ахмад үеийнхэн нь тэдэндээ сайн зөвлөх, түшиг нь байсаар байх болно. МАН-д үе хоорондын залгамж чанар маш сайн тогтсон байдаг нь тэдний амжилтын эхлэл болдог.

Харин өнөөдөр сөрөг хүчин байх ёстой АН-д энэ зарчим алга. Хэдийгээр хоёр талд О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг даргаар өргөмжилсөн ч эвлэрэх янзгүй, ард нь тайзнаас буух дургүй хуучин лидерүүд хуруу гараараа дохисоор буй. Энэ байдал АН-ыг улс төрийн тайзнаас халтирахад хүргэсээр.

Тиймээс дотоод хагарал бутралаа зогсоож, эв эеэ олж, алдагдсан нэр хүндээ сэргээж, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг дахин олж, эрх баригчдын зөвийг дэмжиж, бурууг залруулж шударга зөв сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх орон зай АН болоод бусад намынхныг хүлээж байна. Ялангуяа Улсын баатар цолтой ардчилагчдад энэ хэзээ хэзээнээс илүү хамаатай.

Exit mobile version