Лионель Мессигийн Барселона багтайгаа байгуулсан гэрээ өчигдөр/2021.06.30/ албан ёсоор дуусгавар болж тэрбээр чөлөөт агент боллоо. Багийнх нь зүгээс түүнийг шинэ гэрээ байгуулна гэж итгэж байгаа ч тайвширч болохгүй. Испани дахь эх сурвалжуудын мэдээлж буйгаар Барселонагийн ерөнхийлөгч Хоан Лапорта Мессигийн төлөөлөгч болох аавтай нь холбогдож, гэрээний тал дээр хэлэлцээр хийж байгаа гэнэ. Гэхдээ нэг асуудал тулгарсан.
Чөлөөт агент болсон Лионель Месси дэлхийн аль ч улсын ямар ч багтай зөвхөн цалингаа тохироод тоглох нөхцөл бүрдэж байна. Бүр Монголын лигт ч тоглох боломж бүрдсэн гэсэн үг.
Хоан Лапорта хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид Мессиг үлдэхийг хүсч байна. Лео ч үлдэхийг хүсч байгаа. Боломжтой бүхнийг л хийж байна. Гэхдээ санхүүгийн шударга өрсөлдөөний тал дээр асуудал гарсан. Бид аль аль талдаа ашигтай хувилбарыг сонгохоор хичээж байна” гэв.
Саяхан Ла лигийн ерөнхийлөгч Хавьер Тебас Барселонаг тамирчдынхаа цалинг бууруулж, шударга өрсөлдөхийг шаардсан. Хэрэв шаардлагыг нь хүлээн авахгүй бол Месситэй гэрээгээ сунгах боломжгүйг анхааруулсан.
Месси АНУ-д амьдарч, тэнд хөлбөмбөг тоглох нууцхан хүсэлтэйгээ илэрхийлсэн.
Саяхан 34 нас хүрсэн Месси одоогоор Бразил улсад Аргентины шигшээ багийнхаа хамтаар тивийнхээ аваргад оролцож байгаа. Месси өмнө нь хэзээ ч чөлөөт агент болж байгаагүй. Тэрбээр гэрээгээ дуусахаас нь өмнө үргэлж сунгадаг байсан. Гэтэл энэ удаад тэгсэнгүй. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Месси шинэ гэрээндээ бус шигшээ багтаа хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа гэв. Шигшээ багийнхаа хамтаар томоохон тэмцээнд түрүүлж үзээгүй гэсэн хар үзүүлэлттэй Мессигийн хувьд энэ жилийн Копа Америкад өнгөтэй байгаа. Баг нь ч шөвгийн наймд шалгарч, ирэх Ням гаригт Эквадорын шигшээтэй хагас шигшээ шатны төлөө тоглох болно.
Энэ оны эхээр Мессигийн Барселонатай байгуулсан нууц гэрээ ил болж, олон хүнийг гайхшруулсан. Тус гэрээнд бичигдсэнээр Лионель Месси дөрвөн жилийн хугацаанд 555 сая еврогийн цалин болон бонус хүртэхээс гадна гэрээнд гарын үсэг зурсныхаа төлөө 115.2 сая еврог, лояалти бонус 77.9 сая еврог тус тус халаасалжээ.
Монголбанкны тухайн үеийн ханшаар нэг евро 3,449.64 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд Мессигийн хувьд нэг өдөрт л 1 тэрбум 314 сая 312 мянга 840 төгрөгийг зөвхөн цалингаасаа олж байв.