Нийгэм
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал “Алтны”, “МИАТ”-ийн зэрэг томоохон хэргүүдийг илрүүлжээ
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан агсан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн билээ. Түүнчлэн өнгөрсөн долоон сарын хугацаанд тус газрын дараагийн дэд даргаар ирэх магадлалтай гэгдэх хэд хэдэн хүний нэрс хэвлэлүүдээр гарч байв. Тухайлбал, комиссар Х.Буянтүмэн, хурандаа Б.Оюутболд, Д.Жаргалмөнх, Б.Энхсүх нарын эрхмүүдийн нэрс тодорч байсан.
Тэгвэл өнөөдөр /2021.07.06/ УИХ-ын нээлттэй сонсголоор АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргалын асуудлыг хэлэлцлээ. Энэ нь хууль хяналтын байгууллагын удирдлагыг нээлттэй сонсголоор хэлэлцүүлсэн анхны тохиолдол болохыг АТГ-аас тодотгож байна.
Г.Азжаргал нь 37 настай, Холбооны Мөрдөх товчооны үндэсний академи төгссөн гурван төгсөгчийн нэг аж. Гадаад түвшний өндөр боловсролтой, мэргэжлийн дөрвөн удаагийн аварга, зохион байгуулалттай үйлдэгддэг “Алтны”, МИАТ-ийн зэрэг томоохон хэргүүдийг илрүүлсэн, АТГ-т тав дахь жилдээ ажиллаж байгаа.
Хулгайлагдсан хөрөнгө буцаах чиглэлээр манлайлан оролцдог, шилдэг мөрдөгчдийн нэг. Авлигатай тэмцэх, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааг үндэсний болон олон улсын түвшинд явуулахад хангалттай мэдлэг, чадвар, арга техник эзэмшсэн туршлагатай комиссар гэсэн мэдээллийг өгч байна.