CRI Монгол радио

Хятад, Саудын Арабын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 3-р сарын 24-нд Риядад Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Саудын Арабын Гадаад харилцааны сайд Сауд Аль-Файсалтай хэлэлцээ хийжээ.

Ван И, Хятад, Саудын Араб бол иж бүрэн стратегийн түнш юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор, Хятад, Саудын Арабын харилцаа эрүүл хөгжлийн чиг хандлагаа хадгалж ирлээ. Зуун жилд тохиогоогүй өөрчлөлт болон Ойрх Дорнодын бүс нутгийн шинэ нөхцөл байдалд Хятад, Саудын Арабын харилцааны стратегийн шинж чанар улам илэрхий болж байна. Саудын Араб улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах, өөрийн орныхоо байдалд зохицсон хөгжлийн замаар замнах, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжих бөгөөд үзэл суртлын болон үнэ цэнийн үзэл гэгчээр шалтаг болгон Саудын Арабын дотоод үйл хэрэгт хөндлөнгийн оролцоо хийхийг эсэргүүцнэ. Шиньжян, Хонконг, Тайваньтай холбоотой Хятадын талын амин чухал ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй чухал асуудлаар Хятадын талыг ямагт ойлгон дэмжиж ирснийг Хятадын тал сайшааж байна гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Бүс ба зам” санаачилгыг Саудын Арабын “2030 оны хэтийн зорилт”-той гүнзгий холбож, хоёр орны өндөр дээд түвшний солилцоо, хамтын ажиллагааны зөвлөлийн механизмыг сайтар ашиглан, худалдаа, хөрөнгө оруулалт, гол чухал төсөл зэрэг уламжлалт хамтын ажиллагааг эмх цэгцтэй ахиулж, 5G, хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, Саудын Араб эдийн засгаа олон талаар хөгжүүлэн, тогтвортой хөгжилд хүрэхийг дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэв.

Сауд Аль-Файсал, улс орнууд бүгд тухайн орныхоо хөгжлийн замаа сонгох эрхтэй бөгөөд өөрийн орныхоо ард түмний төлөө зүтгэх ёстой, харин бусдын зааж дохихыг дагах ёсгүй гэж Саудын Арабын тал үзэж байна. Ямарваа улс орны хувьд бусад оронтой харьцуулбал давуу тал  гэж үгүй, ямар ч улс оронд бусад оронд зааж дохих эрх мэдэл ч үгүй. Дотоод хэрэгт хөндлөнгийн оролцоо хийхгүй байх зарчим бол олон улсын хуульд заасан тодорхой зарчим юм. Хятад улсын дотоод хэрэгт ямарваа хэлбэрийн хөндлөнгийн оролцоо хийхийг Саудын Араб эсэргүүцнэ. Хятадын талтай хамтын ажиллагаагаа чангатгаж, олон улсын дэглэм болон тогтвортой байдлыг хамтаар хамгаалахад Саудын Араб бэлэн байна. Түүнчлэн дээд зиндааны харилцаа холбоогоо нягтруулан, хөгжлийн стратегиа сайтар холбож, хоёр орны өндөр дээд түвшний солилцоо, хамтын ажиллагааны зөвлөлийн хурлыг аль болох эртхэн хуралдуулж, олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ч бэлэн байна гэв.

Exit mobile version