CRI Монгол радио

Европын Холбоо эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: ЕХ-ны ирээдүйн эрүүл мэндийн салбарын хямралд үр дүнтэй хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэхийн тулд, 2021-2027 оны хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл Европын Холбоо хөтөлбөр”-ийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлснээ 26-ны өдөр Европын Комисс мэдэгдэв.

Европын Комисс мөн өдрийн мэдэгдэлдээ, ЕХ уг хөтөлбөрт 5.1 тэрбум еврогийн төсөв зарцуулах бөгөөд энэ нь цар тахлын дараах эрүүл мэндийн системийг сайжруулж, хил дамнасан эрүүл мэндийн аюул заналхийлэл, эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн хямралд үр дүнтэй хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэн, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилготой юм гэжээ.

Энэхүү мэдэгдэлд дурдсанаар Европын Холбооны тус хөтөлбөрийг удирдах ажлын хэсэг ЕХ-ны гишүүн орнуудтай зөвлөлдсөний дараа 2021 оны анхны ажлын төлөвлөгөөгөө олон нийтэд зарлах болно. Тус хөтөлбөрийг шинээр байгуулагдсан Эрүүл мэнд, дижитал гүйцэтгэх агентлаг хариуцан хэрэгжүүлж, 4-р сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэжээ.

Европын Комиссоос өнгөрсөн оны 5-р сард, ЕХ-ны гишүүн орнууд, эрүүл мэндийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудад эрүүл мэндийн салбарт тулгарч буй янз бүрийн аюул заналхийлэлд хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “2021-2027 он хүртэлх Эрүүл Европын Холбоо хөтөлбөр”-ийг дурдаж байсан юм.

Н.Пүрэвжав

Exit mobile version