CRI Монгол радио

Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй

Нийтэлсэн

Арилжааны шугамаар БНХАУ-аас худалдан авах эхний ээлжийн 300 мянган тун вакцин дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монгол улс хүлээн авахаар байна. Дараагийн ээлжийн 600 мянган тун вакциныг дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн дотор нийлүүлэхээр байна гэж Монгол улсын ЭМЯ-ны сайд С.Энхболд мэдээлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ч 3-р сарын 31-нд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшүтэй видео уулзалт хийх үеэр, Ковид-19 цар тахалтай тэмцэхэд БНХАУ-аас Монгол улсад тодорхой туслалцаа үзүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны эрч, далайцыг бууруулахгүй байхад анхаарал хандуулж, нягт хамтран ажиллаж байгаад баяртай байна. Ялангуяа дэлхий нийтээр эрэлт ихтэй байгаа вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар нийлүүлсний зэрэгцээ арилжааны шугамаар худалдан авахад дэмжлэг болж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж хэлжээ.

Цар тахал дэгдсэнээс хойш, Хятад Монгол хоёр орон олон янзаар хамтран ажиллаж, цар тахлыг даван гарахын төлөө бие биедээ тусалж ирсэн юм. Цар тахал хамгийн хүнд үед Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, 30 мянган хонь хандивласан бол, Хятадын ард түмэн лийрийн хариуд тоор барьж, Монгол улсад халдвараас сэргийлэх эд бодисоор олон тусламж үзүүлж, 2-р сард коронавирусний эсрэг 300 мянган тун вакцинаар тусалж байсан юм. Энэ нь Хятад, Монгол хоёр орон, хоёр ард түмний гүн зузаан найрамдлыг гэрчилсэн юм.

Хятад улс Монгол улсад туслаад ч зогсоогүй хөрш орнууд болон хөгжиж буй улс орнуудын вакцинжуулах ажилд идэвхтэй туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн юм. Шинэ төрлийн коронавирус дэгдсэнээс хойш Хятад улс цар тахлын эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагааг онц чухалчлан, урьдчилан сэргийлэх, хянаж тогтоох арга туршлагаа хуваалцах, эмчилгээний баг томилон ажиллуулах, оношлуур хангах зэргээр бусад улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн. Сүүлийн үед мөн олон оронд вакцин хангаж байна.

Гуравдугаар сарын сүүлчээр Хятад улс вакцины хоёр “зуун сая”-ын амжилт тогтоосон гэдгээ мэдэгдсэн. Дотоодоо 100 сая хүнээ вакцинжуулж, гаднын улс орнууд, олон улсын байгууллага нэгжид 100 сая вакцин хангажээ. хоёр “Зуун сая” гэдэг бол гайхмаар амжилт юм. Олны мэдээжээр Хятад улс хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг. 1.4 тэрбум хүн амтай Хятад улсын хувьд 100 сая иргэнээ вакцинд хамруулсан гэдэг бол чамлахаар бага тоо шүү дээ, гэтэл Хятад улс зөвхөн амь хувиа бодоод байлгүй, хөгжиж байгаа орнууд болон цар тахлын байдал ноцтой байгаа улс орнуудад, мөн олон улсын байгууллага нэгжид 100 сая вакциныг хангасан гэдэг нь нээрээ гайхалтай юм. Хятад улсын дарга Ши Жиньпин 2020 оны 11-р сарын 21-нд болсон 20-ын бүлгийн удирдагчдын 15 дахь чуулга уулзалтын үеэр хэлэхдээ, Бид хөгжиж буй улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлж, вакциныг дэлхийн иргэдийн хэрэглэж, худалдан авах боломжтой нийтийн бүтээгдэхүүн болгоно хэмээн амлаж байсан. Өнөөдөр Хятад улс уг амлалтынхаа дагуу дэлхийн 80 улс орон, 3 олон улсын байгууллагад вакцины тусламж үзүүлээд байна. Вакцины туслалцаагаа цаашид ч олон янз хэлбэрээр үргэлжлүүлнэ гэдгийг дээрх мэдээллүүд илхэн харуулж байна.

Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” хэмээн ярьдаг, цар тахал дэлхийг нийтийн хамтын асуудал, хамтын сорилт болоод буй энэ үед Хятад улс хувиа хичээж хаяагаа манаад суулгүй олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, нийт хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө ажиллаж байна. Дэлхий нийтээрээ цар тахлыг ялан давж байж улс орнуудад аюулгүй байдал хангагдана. Дэлхий хавтгай болчихсон энэ эрин үед бүх хүн төрөлхтөн яалт ч үгүй “Хамтын цогц” болчихсон байгаа. Хятад улс “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” хэмээх санаачилгыг анх гаргаж ирсэн, одоо ч тэр хамтын цогцын төлөө хичээн ажиллаж байна.

“Эвт шаазгай буга барина” гэнэ. Эвтэй байж, хүчтэй болно, хүчтэй байж хожилд хүрнэ. Харин эвтэй байхын тулд сэтгэл хэрэгтэй байдаг. Дэлхийн хамгийн олон хүн амтай улс сэтгэл гаргаж, дотоод, гадаадад адил тэгш хандаж, цар тахлын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж байгаа нь дэлхий нийтэд итгэл түрүүлж байна.

Exit mobile version