CRI Монгол радио

Хайнань арал олон улсад нэр нөлөө бүхий чөлөөт худалдааны боомт болно

Нийтэлсэн

Хятадын өмнөд нутгийн Хайнань арал гээд ярихад байгаль нь үзэсгэлэнтэй, агаар нь тохилог, орчин үеийн бүтээн байгуулалт сүндэрлэсэн байдгаараа гадаад дотоодын жуулчдын зорин очих дуртай газруудын нэг болсон байдаг. Ялангуяа ОХУ, төв, зүүн Азийн орнууд, үүний дотор Монгол улсын жуулчдын хувьд халуун бүс, далайн эргийн үзэмжтэй танилцахаар Хайнанийг зорих нь цөөнгүй юм.

Тэгвэл хүмүүсийн анхаарал бахархлыг татсан Хайнань муж хөгжин дэвших шинэ гараагаа авч, Хятад улсдаа төдийгүй олон улсад нэр нөлөө бүхий чөлөөт худалдаа, нээлттэй хөгжлийн бүс болохоор “мэрийж” эхлээд байна. Хятад улсын засгийн газар Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг дэмжих шийдвэрийг 2018 онд дурдсан бол сүүлийн хоёр жилд энэ чиглэлд олон ажил ид хийгдсэн байна. Үүнд 2020-2025 онд бизнес эрхлэлтийн орчноо үндэсний тэргүүний түвшинд хүргэн. 2025-2035 онд илүү боловсронгуй, чөлөөтэй, нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгож, бизнес эрхлэлтийн орчноо дэлхийн тэргүүний түвшинд хүргэнэ. 2035-2050 онд илүү өвөрмөц онцлогтой, дэлхийд хамгийн нэр нөлөө бүхий орчин үеийн чөлөөт худалдааны боомт болгон бүтээн байгуулах болно.

Тэгвэл Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг дагалдан аялал жуулчлалын дэд бүтэц нь улам боловсронгуй болох төдийгүй, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын давуу орчин нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зүүн өмнөд Ази, зүүн Азийн бүс нутгийн арилжаа худалдааны эрчийг нэмэгдүүлэх өргөн боломжийг нээж байна.

2020 оны 6-р сард Хайнаний чөлөөт худалдааны боомтын гол 11 парк зэрэг хаяг өлгөж, чөлөөт худалдааны боомтын жишиг, туршиц бүс болов. Тэр цагаас хойш Хайнаний чөлөөт худалдааны боомтод нийтэд 378 төслийн байгуулалтыг эхлүүлсэн бол нийт хөрөнгө оруулалт нь 117.3 тэрбум юаньд хүрчээ.

Хайнаний чөлөөт худалдааны туршиц зарим бүсэд чөлөөт худалдааны боомтын зарим бодлого, тухайлбал тэг тариф, татварын хялбаршуулсан систем, татварын бага хувь, нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа зэргийг хэрэгжүүлж, “чөлөөт худалдааны бүс”-ээс “чөлөөт худалдааны боомт” болох холболтыг хийж байна. Хайнаний чөлөөт худалдааны боомт цаашид олон улсын эрчим хүч, далайн тээвэр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, өмчийн эрх, хувьцааны эрх, нүүрстөрөгч ялгаруулалтын эрхийн арилжааны газар байгуулж, шинэ мэдээллийн технологи болон дижитал эдийн засгийг хөгжүүлэн, интернет сүлжээ, зүйлсийн интернет, их өгөгдөл, дагуулын навигац, хиймэл оюун ухаан зэргийг эдийн засагт гүнзгий нэгтгүүлэх юм. Ингэснээр жуулчдын хувьд Хайнань арал улам ч анхаарал татсан газар болох төдийгүй, Худалдаа хөрөнгө оруулагчдын хувьд бизнесийн өргөн боломж нээгдэнэ.

Exit mobile version