CRI Монгол радио

‘Эх оронч засаглал’-ын зарчмыг хэрэгжүүлдэг зарим улс орны бодит байдал

Нийтэлсэн

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал(БХАТИХ)-аар 2020 оны гуравдугаар  сарын 11-ний өдөр, “БХАТИХ-ын Хонконгийн Засаг захиргааны тусгай бүсийн сонгуулийн тогтолцоог сайжруулах тухай шийдвэр”-ийг олонхийн саналаар баталж, “Эх оронч хүн Хонконгийг засаглах” зарчмын хэрэгжилтийг хангахад тогтолцооны баталгаа бий болгож өглөө. Энэ нь “нэг улс, хоёр систем”-ийг урт удаан тогтвортой хэрэгжүүлэх хийгээд Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд тустай юм.

“Хонконгууд Хонконгийг удирдах” зарчмыг хэрэгжүүлэхийн тулд “эх оронч хүн Хонконгийг засаглах” зарчмыг зайлшгүй баримтлах хэрэгтэй. “Эх оронч засаглал”-ын зарчим бол дэлхийн улс орнуудын нийтлэг дадал юм. АНУ зэрэг цөөн улс орнууд дээрх шийдвэрийг балмадаар буруушааж, бодит үнэнээс зөрж, зөв бурууг хольж хутган, давхар стандарт баримталж, Хонконгийн хэрэгт гар дүрж, Хятадын дотоод хэрэгт оролцохыг санаархаж байна. Үнэндээ, эдгээр улс орнууд өөрийн орны төрийн албан хаагчдын эх оронч байр суурь, улс төрийн зохих ур чадварт хатуу шаардлага тавьдаг.

Нэг. Америк

АНУ төрийн бүх албан хаагчдадаа “эх оронч хүн” байх шаардлага тавьж, үүргээ үнэнч шударгаар биелүүлээгүй этгээдийг төрийн алба хашихыг тодорхой хориглодог. АНУ-ын хуулийн систем болон Засгийн газрыг унагахыг дэмжсэн, АНУ-ын Засгийн газрын эсрэг зарласан ажил хаялтад оролцсон, холбогдох хөдөлгөөн явуулдаг байгууллагатай холбогдсон хэн боловч АНУ-ын Засгийн газарт ажиллах эрхгүй гэж АНУ-ын хуульд “сөрөг жагсаалт” гаргах хэлбэрээр заасан байдаг. АНУ-ын Эрүүгийн хуульд үймээн самуун дэгдээсэн, эх орноосоо урвасан гэх мэт гэмт хэрэгт холбогдсон хүн төрийн алба хаших ёсгүй гэж тодорхой заасан байдаг. АНУ-ын Сенат ба Төлөөлөгчдийн танхим тус бүр бие даасан ёс зүйн хороотой ба эдгээр хороод нь гишүүдийн Холбооны Засгийн газарт үнэнч байгаа эсэх зэрэг үйлдэлд хяналт, шалгалт тавьдаг. АНУ-ын түүхэнд конгрессын 18 гишүүн Холбооны Засгийн газарт үнэнч бус гэсэн шалтгаанаар бүрэн эрхээ хасуулж байсан. АНУ асар олон сонгуулийн тухай хууль тогтоомжтой. АНУ-ын сонгуулийн тогтолцоог сайжруулах ажлыг голчлон Холбооны Засгийн газар толгойлж, сонгогдсон гишүүд нь “эх оронч” үзэлтэй байх нөхцөлийг сонгуулийн тухай журмаар баталж өгдөг.

Хоёр. Их Британи

Их Британи төрийн албан хаагчдынхаа улс орондоо үнэнч байх талаар тодорхой зохицуулалт хийж, тэдний улс орныхоо аюулгүй байдлыг өндөр түвшинд хамгаалах үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байдаг. Их Британи үндэсний аюулгүй байдлын тухай маш олон хууль тогтоомж боловсруулж, улс орныг салган бутаргах, төрийн эрхийг унагах, гаднын хүчинтэй нэгдэн улсын нууцыг задруулах зэрэг гэмт үйлдэлтэй тэмцэхэд ашиглан, ард иргэдийн улс орондоо үнэнч байх баталгаа гаргаж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалдаг. Эдгээр хуулиуд нь төрийн албан хаагчдад ч мөн хамаатай. Хэрвээ төрийн албан хаагч үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах гэмт хэрэг хийсэн бол нэмэлт ял шийтгэл ногдуулдаг байна. Их Британид тангараг өргөх тогтолцооны тухай олон хууль байдаг ба тэр нь өргөн хүрээний боловсон хүчнийг хамардаг. Тухайлбал, үнэнч байх тангараг, үүрэгт ажлын тангараг, шүүхийн тангараг гэх мэт тангараг өргөдөг бөгөөд орон нутгийн засаг захиргааны албан хаагчид мөн тангараг өргөх шаардлагатай байдаг.

Гурав. Герман

Германы “Тулгуур хууль” болон “Холбооны төрийн албан хаагчийн тухай хууль”-ийн дагуу, үндэсний бүрэн эрхт байдлын эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн албан хаагчид нийтийн хуульд үйлчлэх, үнэнч байх үүрэгтэй. Германы Үндсэн хуулийн цэцийн 1975 оны “төрийн албан хаагчийн үнэнч шударга байх үүргийн тухай төсөл”-д төрийн албан хаагч улс орон болон Үндсэн хуулийн өмнө улс төрийн тал дээр үнэнч шударга байх тусгай үүргийг хүлээнэ гэж тодорхойлсон байдаг. Практик дээр, Германд төрийн албан хаагчид нь үнэнч шударгаар зүтгэхээ тангарагласан Үндсэн хуулийн дэг журмаа үнэнчээр хамгаалж, Үндсэн хуулийн дэг журмыг эвдсэн ямар ч үйлдэл гаргаж болохгүйгээс гадна, илүү өндөр түвшинд үнэнч шударга байх үүрэг хүлээдэг. Тухайлбал, ажил хаялт эсвэл засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг сулруулах үл хамтрах хөдөлгөөнд оролцох аваас хүлээсэн үүргээ зөрчиж, засгийн газарт үнэнч шударга зүтгээгүй гэж үзнэ. Герман хянан шалгах тогтолцоогоор дамжуулан төрийн албан хаагчдынхаа үнэнч шударга байх үүргээ зөрчсөн үйлдэл гаргаж байгаа эсэхэд хяналт тавин, урьдчилан сэргийлж, шийтгэл ногдуулдаг байна.

Дөрөв. Франц

Францын Үндсэн хуульд Франц бол хуваагдашгүй Бүгд Найрамдах Улс, ямар ч хэсэг бүлэг ард түмэн, ямар ч хувь хүн улсын бүрэн эрхийг дур мэдэн ашиглаж үл болно гэж онцолсон. Францын Эрүүгийн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт үндэстэн, улс орон, энх тайван байдалд аюул учруулах бүхий л гэмт хэрэг, оногдох ял шийтгэлийг жагсаан заасан байна. Үүнд төрийн байгууллага эсвэл газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан, нийтийн энх тайвныг эвдсэн, улс орноос урвасан болон тагнуулын зэрэг гэмт хэрэг багтана. Францын Үндсэн хуульд зааснаар, бүх улс төрийн нам, улс төрийн бүлэг нь улс орны бүрэн эрхийн зарчим болон ардчилсан зарчмыг заавал мөрдөнө. Франц улс сонгууль хянах тусгай байгууллагыг байгуулж хянан шалгах үүргийг хэрэгжүүлдэг ба Төв удирдах байгууллагын түвшинд Дотоод хэргийн яамнаас байгуулсан орон даяар сонгуулийн ажлыг удирддаг Үндэсний хянан шалгах хороо бий. Үндэсний хянан шалгах хороо нь улсын хэмжээнд бүх сонгуулийн ажил, сонгуулийн явцад сонгуулийн үндсэн зарчим мөрдөгдөж байгаа нөхцөл байдлыг хянан шалгадаг.

Тав. Канад

Канадын “Нийтийн үйлчилгээний үнэ цэнэ, ёс зүйн дүрэм” нь төрийн албан хаагч засгийн газартаа үнэнч шударга байх үүргийг журамлаж, төрийн албан хаагчийг Канадын Засгийн газрыг ил тодоор шүүмжлэхийг хязгаарласан. Канадын “1867 оны Үндсэн хууль”-д зааснаар Канадын Парламентын Нийтийн болон Төлөөлөгчийн танхимын гишүүн, аль ч мужийн хууль тогтох байгууллага эсвэл хууль тогтоох хурлын гишүүн бүр албан тушаалдаа орохоос өмнө Амбан захирагч, мужийн захирагч эсвэл тэдгээрээс эрх олгосон хүний өмнө тангараг өргөж тангаргийн үгэнд гарын үсэг зурна. Парламентын Нийтийн танхимын гишүүний эрхийг дараах нөхцөлд цуцална, үүнд: 1.Гадаадын улс орны засгийн газарт тангараг өргөж үнэнч шударга байх мэдэгдэл хийсэн, эсвэл үйлдлээр дамжуулж гадаадын иргэн болсон, эсвэл гадаадын иргэний эрх болон тусгай эрх эдэлсэн; 2.улс орноосоо урвасан гэмт хэрэг үйлдсэн эсвэл нэр төрд харш аливаа гэмт хэрэг үйлдсэн.

Зургаа. Австрали

Австралийн “Үндсэн хууль”-д зааснаар дараах хүнийг Парламентын Төлөөлөгчийн эсвэл Нийтийн танхимын гишүүнээр сонгохыг хориглоно. Үүнд. 1.Гадаадын улс орны төлөө үнэнч шударга байх, дагах, түшиглэхээ хүлээн зөвшөөрч байсан, эсвэл гадаадын иргэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, эсвэл гадаадын иргэний эрх болон тусгай эрхтэй хүний эрх эдэлж байгаа хүн, 2.улс орноосоо урвасан гэмт хэргээр яллагдсан эсвэл нэг жилээс дээш хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх заалттай гэмт хэрэг үйлдсэн хүн, ялаар шийтгүүлсэн эсвэл яллагдах гэж буй хүн. Австралийн “1999 оны нийтийн үйлчилгээний тухай хууль”-д Австрали улсын төрийн албан хаагч гадаад улс оронд байх үед түүний бүхий л үйлдэл нь Австрали улсын нэр төрийг заавал хамгаалсан байна гэж заасан байна.

Дээрх бодит байдал нь Америк зэрэг барууны орнуудын Хятад улсын “Эх оронч хүн Хонконгийг засаглах” зарчмыг буруушааж буй нь хоёр нүүрээр “давхар стандарт” баримталж байгааг бүрэн илчилж байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь Монголын найз нөхдийг холбогдох бодит байдалд үндэслэн бодит дүгнэлт хийнэ гэдэгт найдаж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч
2021 оны 4-р сарын 8-ны өдөр

Exit mobile version