CRI Монгол радио
Японыг олон улсын шүүхэд өгөхийг бодолцож байна
Японы Киодо цусан агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 4-р сарын 13-нд болсон Японы засгийн газрын хуралдаанаар Фукушимагийн цөмийн цахилгааны 1-р станцын хаягдал усыг далайд цутгах шийдвэрийг албан ёсоор гаргасан бөгөөд цөмийн хаягдал ус нь хүний эрүүл мэнд, далай тэнгисийн орчинд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг холбогдох үнэлгээгээр тогтоосон хэмээн мэдэгджээ.
Үүнд маш их анхаарал хандуулж байгаагаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 14-нд Японоос тус оронд суугаа элчин сайдад мэдэгдсэн бөгөөд уг асуудлаар олон улсын шүүхэд хандахыг судлахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Кан Мин Сук хэлэхдээ, ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНСУ-д суух Японы шинэ элчин сайд Сянсин Коичийн итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах үе, “Японы хөрш орны хувьд БНСУ Фукушимагийн цөмийн хаягдал усыг далайд цутгах Японы засгийн газрын шийдвэрт маш их анхаарал хандуулж байна” гэсэн бөгөөд БНСУ-ын байр суурийг Японы засгийн газарт шуурхай дамжуулахыг Сянсин Коичиэст шаардсан гэжээ.
Мөн өдөр Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн ордондоо сайд нарын хурал хуралдуулж, Японы талын “хаягдал усыг далайд цутгах” шийдвэрийг Олон улсын тэнгисийн хуулийн шүүхэд өгөхийг шуурхай судлахыг засгийн газрын яам агентлагууддаа шаарджээ.
БНСУ-ын Ёнхап агентлагийн мэдээлснээр, Японы талын үйл ажиллагааны эсрэг олон улсын түвшинд хуулийн арга хэмжээ авах талаар судалж байгаа бөгөөд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг зэрэг байгууллага нэгж, холбогдох улс орнуудтай хамтран талуудын хүлээн зөвшөөрөх хэмжээнд шинжлэх ухааны үндэслэл, баримтын дагуу Япон цөмийн хаягдал усаа далайд цутгахыг хянаж шалгах болно гэдгээ тус орны гадаад харилцааны яам мөн өдөр мэдэгджээ. \Рэнчинсоо\