Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Эмч нар өргөсөн тангарагтаа үнэнч байх жинхэнэ цаг үе бол одоо

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.07.09/ Эрүүл мэндийн салбарынхантай уулзалт хийлээ. Салбарын төлөөллүүд эмч, ажилчдын цалингийн асуудлыг Ерөнхий сайдад тавилаа. Ерөнхий сайдын зүгээс дараах хариултыг өгөв.


 

1.

Улсын төсөв 10 их наяд төгрөг байдаг. Одоогоор экспорт багассантай холбоотой нэг их наяд төгрөгийн алдагдалтай явж байгаа.

Дэлхий дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж эхэллээ. Бид бензин үйлдвэрлэгч улс биш учраас бензины үнэ цаашдаа ч нэмэгдэх чиг хандлагтай байгааг нуугаад яахав. Цаашдаа хүнсний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлууд үүсэх нь. Цар тахалтай холбоотой ийм хүндрэлийг зөвхөн Монгол биш бүгд даван туулах зайлшгүй сорилттой нүүр тулж байна. Энэ бол бодит байдал юм.

2.

Шулуухан хэлэхэд төрийн байгууллагынхан бас ч гэж гайгүй давж байгаа. Татвар төлөгчдийнхөө хүчээр шүү. Өнөөдөр хувийн хэвшил дээр 95 мянган ажлын байр байхгүй болчихоод байна. 180 орчим ажлын байр өнөөдөр туйлын хүнд байдалд орсон. Шат дараалсан хатуу хөл хорионоос болж.

Төрийн байгууллагынхан татвар төлөгчдийн мөнгөн дээр тогтож байгаа учраас хэдийгээр хүнд хүчир үед ажиллаж байгаа ч цалин тасалдаагүй, өнөөдрийг хүртэл явж байгаа. Энэ бодит үнэн.

3.

Монгол Улсын төсөв дээр урьд өмнө нь түүхэндээ байгаагүй их хэмжээний санхүүжилт эрүүл мэндийн салбар дээр тавигдаад явж байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаад орсон нийт санхүүжилтийг өнгөрсөн 30 жилийн хугацаатай харьцуулахад бараг адил хэмжээний том дүн гарахаар байгаа.

Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбар цалингаа нэмэх боломжтой тогтолцооны шинэчлэл рүү ороод явж байгаа гэсэн үг. Бусад салбараасаа түрүүлээд та бүхэн явж байгаа. Тийм учраас энэ хийсэн зүйл дээрээ л та бүхэн маань дотоодоо асуудлаа ярих хэрэгтэй.

Саяны улсын төсөв Эрүүл мэндийн сайдын саналаар нэг удаагийн мөнгөн тэтгэмж өгье гэдэг асуудлаас үүдэж УИХ-тай ярилцах үед энэ асуудал сэдэрч гарч ирж байгаа.

4.

Бусад салбарын маш олон хүн өнөөдөр хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа. Онцгой байдлынхан, мэргэжлийн хяналтынхан, цагдаагийнхан, орон нутгийн удирдлагууд. Гэхдээ тэд ийм зүйлийг яриагүй л байна. Тэд харин ч “Эрүүл мэндийн салбарынхан маань биднээс хүнд нөхцөлд ажиллаж байгаа юм. Бид барьцахгүй” гэдгээ хэлж байгаа. Цар тахлын энэ хүнд үед. Би Онцгойгийн залуучуудтай уулзаад баярласан. Бид яахав дээ. Тэсээд гарнаа гэж байна. Тийм учраас эрүүл мэндийн салбарынхан маань үүнийг бас бодолцох ёстой.

5.

Улсын төсөв ийм хүнд үед 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гэдэг асар том хэмжээний дэмжлэг шүү. Маш олон салбар бүсээ чангалж, ялангуяа боловсролын салбар нэг жил үйл ажиллагаа явуулаагүй учраас энэ хэмжээний хэмнэлт үүсэж байгаа юм. Хэрвээ ийм биш байсан бол ямар ч боломжгүй байх нөхцөл байдал үүсээд явж байгаа.

Цар тахал хүнд учраас бид 100 мянган төгрөгийг он дуустал өгөхөөр шийдвэр гаргасан. Та бүхэн үүнийг мэдэж байгаа. Энэ нь 1.4 их наяд төгрөгийн зардал. Монгол Улсад байгаа боломж нь л ийм байна. Тэгэхээр шулуухан хэлэхэд төсвийн 10 их наяд төгрөг маань ирэх жил бүрдэх үү, үгүй юу гэдэг туйлын эргэлзээтэй байгаа.

Харин ч вакцинжуулалтыг та хэд маань сайн зохион байгуулж, өнөөдөр хатуу хөл хорио тавихгүй байгаа учраас эдийн засаг дээр эерэг, үл ялиг сэргэлтийн цэг мэдэгдэж эхэлж байна. Түүнээс бид өнөөдөр хатуу хөл хориотой байсан бол юун цалин, юун төсвийн реформ, юун тодотгол. Ийм л асуудал руу орох байсан. Тийм учраас энэ бодит байдлуудыг та бүхэн бүгдээрээ эрдэм боловсролтой хүмүүс Улсын төсвийн номноос харахад л ойлгомжтой байгаа. Үүнийг сайн бодох ёстой.

6.

Энэ удаагийн төсвийн тодотгол хийгдээд дууссан. Тийм учраас ямар нэгэн байдлаар саяны Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл, гүйцэтгэлээр санхүүжих, бусад эх үүсвэрээ яаж дайчлах вэ гэдэг дээр та бүхэн ажлын хэсэг гаргаад 2022 орны Улсын төсвөөс өмнө шийдэлд хүрэх нь хамгийн зөв гарц болно гэсэн үг. Өөр хуулийн гарц байхгүй. Чуулган завсарлачихсан. Засгийн газар УИХ-ын баталж өгсөн хуулийг л хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Засгийн газар хууль тогтоогч биш.

7.

Тийм учраас эхлээд та бүхэн иргэдийнхээ эрүүл мэнд дээр эхнийхээ анхаарлыг тавиасай гэж хичээнгүйлэн хүсэж байна. Хоёрдугаарт өөрсдийнхөө асуудлыг тавих итгэл үнэмшлээр энэ төсвийн тодотголдоо хандаарай.

Нэн шаардлагатай байгаа эм тариагаа эхэлж нөөцлөх хэрэгтэй байна. Дельта вирус орж ирвэл яах вэ гэдэг стратегируугаа илүү их цаг гаргаж, хоорондоо ярилцах шаардлагатай байна. Тийм учраас Үйлдвэрчний эвлэлийн нөхдүүд ч гэсэн энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд 2022 оны Улсын төсвөөс өмнө хоорондоо ярилцаад нэгдсэн шийдэлд хүрэх нь хамгийн зөв гарц. Түүнээс буцаж УИХ-ын чуулган хуралдаад, төсвийн тодотголыг задална гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас та бүхэн Сангийн яамныхантай ярилцаад энэ эхлүүлсэн байгаа шинэчлэлтээ цаашдаа яаж гүнзгийрүүлэх вэ гэдэг л асуудал байгаа юм. Та бүхний энэ шинэчлэл ашигтай болвол бусад салбарууд ижил болно гэсэн үг.

Анхан шатан дээр амаргүй нөхцөл байдал байгаа нь үнэн. Түүнийгээ одоо засах хэрэгтэй. Юутай ч та бүхэн төрийн байгууллагын цалингийн системээс гараад гүйцэтгэлээр санхүүждэг дэлхийн, олон улсын тогтолцоо руу эхэлж алхаж чадсан салбарынхан болсон.

8.

Ерөнхий сайдын хувьд эрүүл мэндийн салбар энэ цаг үед доголдохыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Амаргүй байгааг ойлгож байна. Тийм ч учраас би энэ уулзалтыг хийж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын мянга, мянган салбарынхан Ерөнхий сайдынхаа үгэнд хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна.

Энэ цаг үед бид өргөсөн тангарагтаа үнэнч байх жинхэнэ цаг үе. Энгийн үед бид тангараг яриад, ийм үед бид зовлон ярьж болохгүй. Яг энэ үед бид тангараг ярих ёстой. Ийм үед бид иргэдийнхээ талд эцсийнхээ боломжийг дуустал зогсох ёстой. Зогсож ч байгаа.

Тийм учраас энэ салбарын эмч, ажилтан, албан хаагчдад ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийвэл хүлээн зөвшөөрч чадахгүй. Ийм зүйл хийгдэж байгаа асуудлуудыг тусгай албаны шугамаар би мэдэж байгаа. Үүнийг би эх орноосоо урвасан гэмт хэрэг гэж үзнэ. Шаардлагатай бол Эрүүгийн хуульд заасан хамгийн өндөр арга хэмжээг авах саналыг оруулна. Яагаад гэхээр энэ цаг үе дайн бүхий цаг хугацаа. Бид ийм үед нялцаганаж болохгүй. Бид төрийнхөө далбаанд өргөсөн тангарагтаа жинхэнээсээ хүрэх цаг хугацаа бол яг энэ цаг үе, эрүүл мэндийн салбарынхны хувьд.

9.

Би Эрүүл мэндийн салбартаа дэмжлэг үзүүл гэж бусад салбарынхандаа хэлж байгаа. Тийм учраас Үйлдвэрчний эвлэлийнхэн маань одоо наад асуудлаа цэглэх хэрэгтэй. Зөвшилцөөд, эрүүл мэндийнхээ үндсэн системийг самрахгүйгээр цааш үргэлжлүүлээд асуудалдаа шийдэл олох ёстой.

Би үүнийг бас Эрүүл мэндийн сайд байсан, далдаас оролцоод байгаа зарим нэг хүмүүст үүнийг хэлэхийг хүсэж байна. Та нар бас өргөсөн тангарагтаа үнэнч байх үе шүү. Үнэхээр салбартаа хайртай юм бол энэ цаг үед битгий энэ салбарыг самрахын тулд янз бүрийн далд ажиллагаа зохион байгуул гэдгийг хэлье. Шаардлагатай бол үүнийг зарлаад явна. Урьд нь вакцины ажил тасалдуулах гэж байгаад нэр нь зарлагдсан нэг хүн байгаа шүү. Зарим нэг улстөрчдийг ч гэсэн энэ цаг үед улс төрөө эрүүл мэндийн салбараас ангид хий гэж хэлж байна. Савраа тат.

10.

Зөвхөн эрүүл мэндийн салбарыг үлдээчих. Шаардлагатай бол надтай улс төрөө ярьж болно.

Эх орон нь ийм нөхцөл байдалд орчихоод байхад хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбараа талцан хуваах ажиллагаа хийгээд, хаана, хаана уулзалт болоод юу яригдаж байгаа бүгдийг нь мэдэж байгаа шүү. Ийм зүйлд эрүүл мэндийн салбарынхан маань автахгүй байхыг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд хүсье. Үүнийг өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж хэлж байгаа юм. Цар тахлын энэ хүнд цаг үед л бид төрийн далбаагаа, төрийн дууллаа бодож өргөсөн тангарагтаа үнэнч байх тухай өөрийнхөө бэрхшээлийг үл тоож, өрөөлийн төлөө ажиллах жинхэнэ цаг үе яг энэ цаг. Өөр хэзээ ч биш.

Exit mobile version