CRI Монгол радио
Палестин, Израиль дахиад л мөргөлджээ
1967 онд Ойрх Дорнодын 3-р дайнд Израиль Иерусалимыг хяналтдаа авсныг дурсан, 15-ны орой 5000 орчим израильчууд “Иерусалимын өдөр” жагсаал хийв. Тэд Иерусалимын Хуучин хот руу чиглэсэн Дамаскийн хаалганд ойртоход Палестинчуудын эсэргүүцэлд өртөж, улмаар эсэргүүцэгчид Израилийн цагдаа нартай мөргөлдөв. Палестины эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас Палестины 33 хүн шархадсан, өөр бас 8 Палестин иргэнийг Израилийн тал баривчилжээ.
Израилийн хэвлэлийн мэдээлж буйгаар, Израиль мөн өдөр Иерусалимд 2000 орчим цагдаа байрлуулсан бөгөөд нисдэг тэргээр нөхцөл байдалд хяналт тавьж ажиллажээ. Мөн Палестины Газын зурвасын зэвсэгт хүчин Израиль руу пуужин хөөргөж мэдэхээс сэргийлж Израилийн арми Иерусалимд “Кипат барзель” сэргийлэлт хамгаалалтын систем байрлуулжээ.
Түүнчлэн мөн өдөр Израиль болон Газын зурвасын хил орчмын бүсэд бас мөргөлдөөн үүсэж, Газын зурвасаас шатаах төхөөрөмж тээсэн бөмбөлөг нисгэсний улмаас Израилийн 20 гаруй тариалангийн талбайд түймэр гарчээ.
Израиль 5-р сарын 10-нд “Иерусалимын өдөр” жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч Палестин, Израилийн хооронд шинэ мөргөлдөөн дэгдсэний улмаар хойшлуулсан юм. НҮБ-ын Ойрх Дорнодын энх тайвны үйл явц хариуцсан тусгай зохицуулагч Виннеслан нийгмийн сүлжээнд: “НҮБ болон Египетийн зүгээс Палестин, Израилийн хооронд байгуулсан гал зогсоох гэрээ хэлэлцээрийг бэхжүүлэхээр чармайж буй зангилгаа мөчид Иерусалимын хурцадмал байдал дахин ширүүслээ, холбогдох талууд хариуцлагатай үйл ажиллагаа авч, дахин цуст мөргөлдөөнд хүргэж болзошгүй өдөөн хатгалгын чанартай үйлдлээс зайлсхийх ёстой” гэжээ.
Д.Хүчитбаатар