Дэлхий
Куба улсын иргэд засгийн газрынхаа эсрэг жагсаж эхэлжээ
Дэлхийн сүүлчийн коммунист улсуудын нэг Кубад ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн нь ховорт тооцогдох үзэгдэл болж байна.
Нийслэл Хавана хотын гудамжинд цугларсан мянга мянган иргэн “Дарангуйлал сөнөтүгэй” хэмээн хашхирч, ерөнхийлөгч Мигуэл Диаз-Канелыг огцрохыг шаарджээ.
Сүүлийн хоёр жил орчим хугацаанд Кубын эдийн засаг хүнд байдалд байгаа. Энэ нь тус улсын гол холбоотон Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойших хамгийн гүн хямралд тооцогдож байна.
Хавана хот даяар өвч зэвсэглэсэн цагдаагийн тусгай хүчнийхэн эргүүл хийж эхэлжээ.
Ням гарагт телевизээр үг хэлэхдээ ерөнхийлөгч Диаз-Канел бослого үймээнийг АНУ-аас зохион байгуулж байгааг хэлсэн байна.
Тэрбээр газар нутагт нь АНУ-ын хөлсний цэргүүд орж ирснийг дуулгаад дайсны өдөөн хатгалагтай хүчээ нийлүүлэн тэмцэхийг ард иргэд, коммунист намын гишүүдэд уриалжээ.
Хавана хотын нэг хэсэгт жагсагчид цагдаагийн автомашиныг түлхэн онхолдуулж, чулуугаар нүүлгэсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна. Жагсагчдын дунд орсон энгийн хувцастай цагдаа нар олон арван хүнийг баривчилжээ.
Түүхчдийн үзэж байгаагаар энэ удаагийн иргэдийн тэмцэл нь 1994 оны зун гарсан тэмцлээс хойших хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ гэнэ.
Энэ удаагийн тэмцэл нийслэл Хаванагаар хязгаарлагдахгүй байгаагаараа онцлог ажээ. Сошиал сүлжээнд тарсан мэдээллээс үзвэл Кубын бусад хотуудад мөн жагсаал тэмцэл эхэлсэн байна.
Нийслэлд Ням гарагийн өдрийн 3:00 цагийн орчимд эхэлсэн жагсаал оройн 8:00 цагийн үед өндөрлөжээ. Жагсагчдын Хувьсгалын талбайд хүрэх замыг цагдаа нар хааж, жагсаалыг хүчээр тараасан байна.
Эрх баригчид эдийн засгийн хямралд АНУ-ын тавьсан хориг, коронавирусийн цар тахал нөлөөлж байгаа гэж тайлбарладаг. Харин ард иргэдийн зарим хэсэг үүнд коммунист засгийн газрын хоцрогдсон арга барил нөлөөлж байгаа гэж үзэж байна.
Өнгөрсөн онд Кубын эдийн засаг 10.9 хувиар, энэ оны эхний хагаст 2 хувиар нэмж агшжээ.
Хямралын улмаас Куба даяар хоол хүнсний хомсдол үүсч, иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн олж авахын тулд дэлгүүрүүдийн гадаа олон цагаар дугаарлаж байна.
Кубын эрх баригчид 11.2 сая хүн амныхаа 1.7 саяыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулаад байгаа.
Коронавирусийн Дельта хувилбар тархснаас сүүлийн үед өвчлөл огцом нэмэгдсэн байна. Ням гарагт тус улсад халдварын 6,923 тохиолдол шинээр бүртгэгдэж, 47 хүн нас барсан нь өмнөх долоо хоногоосоо бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй Кубын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Кубын ард түмэн хүний эрхийн суурь зарчмаа эдлэхийн төлөө зоригтой тэмцэж байна. Уг зарчмын дагуу тэд тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийн ирээдүйг чөлөөтэй сонгох эрхтэй. Хүн ардынхаа дуу хоолойг сонсож, тэдний сайн сайхны төлөө үйлчлэхийг Кубын дэглэмд АНУ уриалж байна” гэж Байден хэлсэн юм.
Дараа нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Бид Кубын ард түмэнд туслах боломжуудыг судалж байна” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед тус улс Кубад тавьсан эдийн засгийн хоригоо цуцалж, жуулчдын урсгалыг нь нэмэгдүүлж байв. Гэвч ерөнхийлөгч Дональд Трамп хоригийг буцаан сэргээснээр хоёр орны харилцаа дахин муудсан юм.
Одоо ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Кубын талаар баримтлах бодлогоо шинэчлэхээр ажиллаж байгаа ч ямар нэг бодитой алхам хийгээгүй байна.
Эх сурвалж: AFP