Нийгэм

“Дельта” омог ирэх саруудад дэлхийн улс орнуудыг СОРИНО

Нийтэлсэн

Жил хагасын туршид дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт сорилт дагуулсаар байгаа ковидын шинэ омгууд ар араасаа гарч, эрсдэлүүд ч нэмэгдсээр байна.

 

ДЭМБ-ын сүүлийн мэдээллээр коронавирусний одоогоор илрээд буй хувилбаруудаас халдварлах чадвар илүү өндөр гэдгээрээ ялгарч буй  “Дельта” омог долоодугаар сарын  6-13-ны хооронд долоон улсад нэмж бүртгэгдээд байна. Ингэснээр дэлхийн 111 улс оронд тархаад байна гэж мэдээлсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг өгч байна. Европын улс орнуудад “Дельта” хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Их-Британид цар тахлын гурав дахь давалгаа энэ хувилбараар үүсгэгдсэн халдвар зонхилж,  11 хоногийн дотор өвчлөлийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Их-Британид “Дельта” хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн 99% нь  зургаадугаар сарын дунд үед бүртгэгдсэн бол Европын Өвчний Сэргийлэлтийн Төвөөс гаргасан таамгаар  наймдугаар сарын сүүлч гэхэд Европын бусад улс орнуудад бүртгэгдэх коронавируст халдварын тохиолдлын 90% нь дельта вирусний  шалтгаантай байна гэж үзэж байна.

Их Британи, Шотландад хийсэн судалгаагаар “Дельта” хувилбарын вирусээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илүү хүнд илэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл “Альфа” вирустэй харьцуулахад хоёр дахин их байгааг тодорхойлжээ.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсад энэ сарын 10-нд ковидын халдварын 1378 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь коронавиусний халдвар гарснаас хойш гурав дахь  удаагийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.  Өмнө 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд 1240 тохиолдол бүртгэгдэж байжээ. Халдварын тоо ийнхүү нэмэгдэж буйг “Дельта” хувилбарын вирусний  халдвар эрчимжиж, дөрөв дэх давалгаа эхэлж байна гэж хорио цээрийн байгууллагууд үзэж яаралтай арга хэмжээ авч байгаа аж.

Exit mobile version