Монгол улсаас Европ тивд мэргэжлийн тамирчин болон гэрээ хийсэн анхны тоглогч Ганболдын Ганбаяр Унгарыг орхиж Словак улсын 2-р лигийн “КФС Комарно” багт зээлээр нэгдлээ.
Тэрээр Унгарын “Пушкаш академи” багтай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан бөгөөд шинэ багтаа 1 жилийн хугацаанд зээлээр тоглохоор болжээ.
Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр нь өдгөө 20 настай бөгөөд Унгарын хоёрдугаар лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгчээ.
Мэргэжлийн спортод зээлээр тоглоно гэдэг нь тухайн тоглогч гэрээ байгуулсан харьяа клубээсээ өөр клубд түр хугацаагаар тоглохыг хэлнэ. Зээлийн гэрээг хэдэн долоо хоногоос хэдэн жилийн хугацаагаар хийж болдог.
Зээлээр тоглуулахад олон төрлийн шалтгаан байж болно. Жишээ нь том багууд үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байгаа залуу тоглогчид туршлага суулгахын тулд өөр багт түр хугацаанд зээлдэг.
Эх сурвалж: МХБХ, Transfermarkt