Нийгэм

Л.Баттөр: Нийт хүн амын 60-90 хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтоно

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөртэй цар тахлын цаг үеийн нөхцөл байдал болон бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэд юу анхаарах талаар ярилцлаа.

-Цар тахлын халдварын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд ямар байна вэ?
-Коронавирусийн халдвар орон даяар тархлаа. Улаанбаатар хотод халдвар хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Эерэг талаас нь харвал сүүлийн хоёр долоо хоногт халдварын тохиолдол буурч байгаа. Нас баралт ч буурах талдаа байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүнд өвчтөний тоо бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ тайвшрах болоогүй, биднийг ямар нөхцөл байдал хүлээж байгааг хэлж мэдэхгүй.

Наадмын урт хугацааны амралтын үеэр орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдэнэ. Дээр нь бидний таашгүй ямар мутаци гарч ирэхийг хэлэх аргагүй. Вакцины үр нөлөө, вакцинжуулалтын үйл ажиллагаа цаашид ямар хэмжээнд явах гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө. Халдварын тоо буурч байгаа мэт боловч бодит тоогоо харвал 1000-2000 тохиолдол гэдэг цөөн хүн амтай манай улсын хувьд өндөр тоо. Анх бид хоногт 100-гаас дээш хүн халдвар авахад өндөр тоо гэдэг сэн. Одоо тохиолдлын тоо 2000-аас дээш гарчихаад байхад хэвийн юм шиг хөдөлгөөнтэй байна.

-Цаашид биднийг ямар эрсдэл хүлээж байна вэ?
-Бүх нийтийн амралтын өдрүүдээр иргэд орон нутаг руу зорчино. Нийт халдварын тал хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа учир иргэдийн хөдөлгөөнийг дагаад орон нутагт халдварын тархалт ихсэхийг үгүйсгэхгүй. Ковидын халдвар өндөр байгаагаас орон нутгийн эмнэлгүүд үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэх боломжгүйд хүрсэн. Тэгэхээр Улаанбаатар хотоос орон нутагт очиход нэгдүгээрт, халдвар тараах эрсдэл бий. Хоёрдугаарт, Халдвар аваад хүндээр өвдвөл орон нутагт эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөл үүсэх эрсдэлтэй.

Засгийн газраас орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээлттэй үлдээлээ. Иргэд төв суурин газраар аль болох орохгүй, ойр орчим уул, усаа дагаад гэр бүлийнхээ хүрээнд агаарт гарч, амралтаа зөв зохистой өнгөрөөх тал дээр анхаармаар байгаа юм. Амралтын өдрүүдэд найз нөхөд, олон гэр бүлүүд уулзах эрсдэлүүд байгаа учир наадмын дараа тархалтын тоо, нас баралт нэмэгдэх эрсдэл бий. Нөгөө талаар амралтын өдрүүдэд ковидоос гадна хур бороо үргэлжлэн орох урьдчилсан мэдээ байгаа учир энэ мэт эрсдэлүүдийг тооцож, аюулгүй байдалдаа онцгой анхаарахыг хүсэж байна.

ВАКЦИНД ХАМРАГДААГҮЙ ХҮҮХДҮҮДЭЭР ДАМЖИН ХАЛДВАР ТАРАХ ЭРСДЭЛ БИЙ

Насанд хүрэгчид халдварын шинж тэмдэг илрэхэд ковидоор өвдсөнөө мэдчихдэг. Хүүхдүүд халдвар авсан ч шинж тэмдэг бага, нус нь гоожих зэрэг хөнгөн хэлбэрээр илрээд эдгэрэх боломжтой. Тиймээс хүүхдүүдээр дамжин халдвар тарах эрсдэл өндөр байна. Өөрөөр хэлбэл манайд вакцинжуулаагүй хүн амаар дамжин халдвар тархах нөхцөл байдал үүссэн. Тийм учраас хөдөө орон нутаг руу явах гэр бүлийн нэг хүн нь шинжилгээ өгөх зөвлөмжийг УОК-иос гаргасан. Энэ бол гэр бүлийнхээ төлөө хийж байгаа ажил юм. Вакцины хоёр тунд хамрагдсан иргэд орон нутаг руу зорчих нь нээлттэй ч гэсэн альфа мутацийн нөлөөгөөр вакцины хамгаалах чадвар буурч байна. Гэхдээ хоёр тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон хүмүүс халдвар авсан тоо нь бага. Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн халдвар авсан ч хөнгөн өвдөх, нас баралт бага байна гэсэн нотолгоог улс орнууд мэдээлсээр байна.

-Сүүлийн үед жирэмсэн эхчүүд олноор халдварт өртөж байгааг ЭМЯ-наас анхааруулсан. Одоо нөхцөл байдал ямар байгаа бол?
-Жирэмсэн эхчүүд өмнө нь ч халдварт өртөж байсан. Одоо яагаад анхаарал татаад байна гэхээр хүн амын ихэнх хувь нь вакцинаар хамгаалагдаад ирэхэд вакцингүй хэсэг нь өвдөх эрсдэл ихэсдэг. Энэ бол вакцин үр дүнтэй гэдгийг харуулах нэг шалгуур юм. Энэ талын мэдээллийг сайн хүргээд эхлэхэд иргэдийн анхаарал сэрэмж нэмэгдэж, жирэмсэн эхчүүд гадуур явахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайн барьж эхэлж байна. Жирэмсэн эхчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн ч хамрагдалт хангалтгүй байна. 25-26 мянган жирэмсэн эхээс 4000-5000 хүн л вакцинд хамрагдаад байна. Харин хүүхдүүдийн идэвх сайн байна. 12-15 насныхны 50 хувь, 13-17 насныхны 60 хувь нь I тундаа хамрагдсан байна.

Хүн амын ихэнх хувь нь вакцинаар хамгаалагдаад ирэхэд вакцингүй хэсэг нь өвдөх эрсдэл нэмэгдэж байна. Энэ бол вакцин үр дүнтэй гэдгийг харуулах нэг шалгуур юм.

Эх, барих эмэгтэйчүүдийн эмч нар байдал хүндэрвэл нэгдүгээрт таньдаг хүнээ аварна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гарцаагүй тохиолдолд нэгдүгээрт эхийн амь насыг аварна. Нөгөө талаас эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Жирэмсэн эхчүүд ураг яах бол? гэж болгоомжлоод вакцин хийлгэхгүй байх шиг байна. Эрсдэлээ тооцож үзвэл жирэмсэн хүн аль болох вакцинд хамрагдах хэрэгтэй юм. Дэлхий нийтэд маш олон жирэмсэн эхчүүд вакцин хийлгээд, хяналтдаа ороод хэвийн явж байна.

-Нэг хэсэг вакцингүй учир бага насны хүүхдүүд олноор халдвар авч байсан. 12-оос дээш насныханд дархлаажуулалт эхэлснээр энэ үзүүлэлтэд өөрчлөлт гарсан болов уу?
-Тохиолдлын тоо цөөн үед эрсдэлт бүлгийн хүн хүндрэх, нас барах магадлал цөөн байсан. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам эрсдэлтэй хүмүүс халдварт өртөж, тэр дундаас нас баралт нь нэмэгдээд байгаа юм. Үүнтэй адилхан насанд хүрсэн хүмүүс нь вакцинаар хамгаалагдаад эхлэхэд жирэмсэн эхчүүд, хүүхэд зэрэг вакцинд хамрагдаагүй хүмүүсийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. Хүүхдийн халдвар нийт батлагдсан тохиолдлын 30 хувьд хүрсэн. Хэдийгээр хүүхдэд хөнгөн тусаж байгаа боловч суурь өвчтэй болон биеийн эсэргүүцэл сул, хүүхдээ хайхрахгүй явсаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахгүй оройтуулах зэрэг олон л хүчин зүйлээс хамаарч хүүхэд хүндэрч байна. Улсын хэмжээнд нийт халдвар авч байгаа хүүхдүүдийн 44 хувь нь 5-11 насны хүүхэд байна. 0-17 насны 30 мянган хүүхэд ковидоор өвдсөн байна.

ЗОРИЛТОТ НАСНЫХАН ВАКЦИНДАА БҮРЭН ХАМРАГДАЖ БАЙЖ 0-11 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ ХАЛДВАРААС ХАМГААЛНА

-Монгол Улс хэзээ нийт хүн амаа дархлаажуулж, сүргийн дархлаа хэзээ тогтох бол?
-Нийтийн дархлаа буюу сүргийн дархлаа хэзээ тогтох вэ гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байна. Нийт хүн амын 60-90 хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хувьд насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулбал хүн амын 65 хувьд хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 35 хувь нь 0-17 насны хүүхэд. Хүүхдүүдээ вакцинд хамруулахгүйгээр нийтийн дархлааны талаар ярих боломжгүй. Одоогийн байдлаар манай улсын нийт хүн амны 54 хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгээд байна. Одоо бол вакцинжуулалт удааширч вакцинд эргэлзсэн хүмүүс, жирэмсэн эхчүүд, хүүхдуүд үлдсэн. Зорилтот насныхан вакциндаа бүрэн хамрагдаж байж 0-11 насны вакцин хийлгэх боломжгүй хүүхдүүдээ халдвараас хамгаална. Энэ боломжийг бүрдүүлж байж л бид цар тахлын ард гарна.

-Манай улсын хүн амын дийлэнх нь Синофарм вакцин хийлгэсэн. Энэ вакцины үр дүн муу байна гэсэн шүүмжлэл их байна. Та энэ талаар юу хэлэх бол?
-Засгийн газар анхнаасаа бүх төрлийн вакциныг эрэлхийлсэн. Хамгийн олдоцтой, хүн амаа дархлаажуулах боломжтой нь Синофарм байсан. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Астра Зенека, Файзер вакцин орж ирсэн. Тэдгээрийг эхний ээлжинд хавдартай болон өндөр настай эрсдэл өндөртэй хүмүүст хийсэн нь тодорхой үр дүнд хүрсэн, эрсдэлт бүлгийг хамгаалж чадсан. Файзер вакцин байсан бол худалдаж авах боломж нь Засгийн газарт байсан. Вакцины үр дүн гарч байна. Үр дүнтэй болох нотолгоо ч хангалттай олон байна. Огт вакцингүй байсан бол манай улсад 2.3 сая хүн халдварт өртөж, халдварын 780 мянган тохиолдол бүртгэгдэнэ. Хамгийн багадаа 15.6 мянган хүн нас барах эрсдэлтэй байсан гэх судалгааг манай эрдэмтэд гаргасан.

Жишээлбэл, Вакцин хийлгэсэн бол нас баралтаас 92 хувь, халдвар авсан ч хүндрэхээс сэргийлж байна. Хятад вакцин хийлгэсэн хүн халдвар авах болон мутацлагдсан вирусээс сэргийлэх нь харьцангуй бага боловч, хүндрэл, нас баралтаас сэргийлж байна гэж гадны сэтгүүлүүдэд мэдээлж байна. Манайд халдварын улмаас хүндэрч нас барж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь вакцин хийлгээгүй, эсвэл нэгдүгээр тунд хамрагдсан байна. Монголд вакцижуулалт эхлээд таван сар болж байхад долоодугаар сард ийм тооны нас баралт гарч байгаа нь харамсалтай. Огт вакцингүй орон биш шүү дээ. Энэ хүмүүс вакциндаа бүрэн хамрагдсан бол амь наснаас нь холуур өнгөрөх байсан даа гэж бодогддог юм.

Вакцин хийлгэсэн бол нас баралтаас 92 хувь, халдвар авсан ч хүндрэхээс сэргийлж байна.

Өчигдөр /2021.07.08/ есөн хүн нас барсны тав нь огт вакцин хийлгээгүй. Нэг нь нэг тун, нөгөө хүн нь хоёр дахь тунг хийлгээд 14 хоноогүй байхдаа халдвар авч хүндэрсэн. Вакцин хийлгэсэн хоёр хүний нэг хүн нь 91 настай, өндөр настан учир вакцин хийлгэсэн ч дархлаа маш бага тогтсон. Нэг нь цусны хавдартай залуу хүн байсан. Би халдварын нөхцөл байдлын өдөр бүрийн тоон мэдээллийг хардаг. Ямар хүмүүс хүндэрч, нас барах эрсдэлтэй тулж байгааг хардаг. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байдаг. Тэгэхээр жирэмсэн эхчүүд, хүүхдүүд вакцин дархлаажуулалтад бүрэн хамрагдахад онцгой анхаарах шаардлага бий.

-Вакцины нөөц бүрдүүлэх ажил хангалтгүй байгаа нь харагддаг. Одоо жирэмсэн эхчүүд, 12-15 насныхныг дархлаажуулж эхлэхэд вакцин дуусчихлаа шүү дээ?
-Засгийн газар 2.5 сая тун Файзер вакцин авах гэрээ хийсэн. Нийлүүлэлт хийхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Долоодугаар сарын 8-ны өдөр 30 мянган тун файзер вакцин буусан. Энэ сарын 14, 15-ны үед 39 мянган тун вакцин бууна. Тэгэхээр татан авалтынхаа хэмжээгээр иргэдээ дархлаажуулаад явна. Бид өмнөх туршлагаасаа сургамж аваад, вакцины 2 дахь тунг авч үлдэж байгаа.

-Вакцин хийлгэсэн ч дархлаа тогтоогүй хүнийг огт вакцин хийлгээгүй хүнтэй адилхан гэж ойлгож болох уу?
-Иргэд хоёр тунг хийлгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Вакцин хийлгээд дархлаа тогтсон хүн өөрөө өвдөхгүй ч халдвар тараах боломжтой. Вакцин хийлгэсэн ч дархлаа тогтоогүй хүнд ямар нэг хэмжээгээр дархлалын процесс өдөөгдсөн байдаг. Гэхдээ хангалттай хэмжээнд биш гэсэн үг. Мөн дархлал тогтсон ч халдвар авахгүй гэсэн баталгаа байхгүй. Хоёр тундаа хамрагдсан ч халдвар авсан хүн цөөнгүй байна.

ГУРАВ ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ГЭЖ ЯАРАХ ШААРДЛАГАГҮЙ

-Улс орнууд гурав дахь тун буюу бүүстер тунг хийж эхэлж байна. Манай улс гурав дахь тунгийн дархлаажуулалтыг хийх тал дээр ямар бодлоготой байна вэ?
-Бүүстер тун дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. ДЭМБ болон олон улсын нөлөө бүхий байгууллагаас зөвлөмж өгсөн тохиолдолд бүүстер тунг хийж болох байх. Түүнээс бусад тохиолдолд энэ асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй.

-Яагаад?
-Яагаад гэвэл энэ бол эмийн туршилт л гэсэн үг. Одоо хийж байгаа вакцинууд бүгд яаралтай журмаар батлагдсан. Үргэлжлүүлэн судалсаар байгаа. Гэхдээ огт вакцингүй байснаас вакцин хийлгээд өвчлөлөөс эрт сэргийлэх нь илүү хохирол багатайг шинжлэх ухаанаар тогтоосон. Ер нь 100 хувь гэдэг ойлголт вакцин дээр, PCR шинжилгээнд ч байхгүй. Зарим улс орон бүүстер тунг хийж эхэлж байна. Бүүстер тунгийн талаар маш цөөхөн судалгааны ажил олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлэгдсэн. Гурав дахь тунг хийлгэх гэж яарах шаардлагагүй. ХӨСҮТ-өөс энэ талаар судалж байгаа.

Манай улсын хувьд ковидын дархлаажуулалт бусад улс орнуудтай харьцуулахад эрчимтэй явагдаж байгаа учир гурав дахь тунгийн талаар ДЭМБ, эсвэл шинжлэх ухааны байгууллагуудын зөвлөмж хүлээвэл магадгүй хожимдож мэднэ. Хүн амын дунд дархлаа тогтоц ямар байгааг судалсны дараа гурав дахь тунгийн талаар ярих боломжтой. Зарим судалгаагаар бүүстер тунг зургаан сар болон нэг жилийн дараа хийх нь зөв гэж үзэж байгаа.

 

Дельта мутацилагдсан вирусийн халдвар Япон руу явуулсан сорьцонд илэрсэн. Энэ бол зөөвөрлөгдсөн тохиолдол байсан учир тухайн иргэн тусгаарлагдан эмчлэгдсэн, дотоодод халдвар тархаагүй.

-Монголд дельта мутацилагдсан вирус орж ирсэн үү? Энэ вирус хэр зэрэг хоруу чанартай вэ?
-Хоёр сарын өмнө PCR-д суурилсан шинжилгээгээр Монголд альфа мутаци байх боломжтой байна гэж бид мэдээлсэн. Тэр нь дараа нь Япон улс руу явуулсан шинжилгээгээр батлагдлаа. PCR-д суурилсан шинжилгээг бид АШУҮИС-тай хамтарч дахин хийсэн. Тэр судалгаагаар халдвар авсан хүмүүсийн 80-90 хувьд альфа мутацилагдсан вирус тархсан нь тогтоогдсон. Дельта мутацилагдсан тохиолдол Япон руу явуулсан сорьцонд илэрсэн. Энэ бол зөөвөрлөгдсөн тохиолдол байсан учир тухайн иргэн тусгаарлагдан эмчлэгдсэн, дотоодод халдвар тархаагүй гэж үзэж байна. Нэг зүйлийг хэлэхэд бид ямар мутаци орж ирж биднийг сүйрүүлэх бол гэж айгаад байна. Ямар ч тохиолдолд халдвар хамгааллын дэглэм барьж, вакцинаа хийлгэж, хөл хөдөлгөөнөө хязгаарлахад эрсдэл буурна гэдгийг санах хэрэгтэй.

-Вакцин дельта мутацилагдсан вирусээс хамгаалах чадахгүй юу?
-Монгол Улсад тархсан вирусийн хувиралд орсон хэлбэрүүд ч гэсэн вакцинаас дайжих нөлөөллүүд үзүүлж байгаа. Учир нь тэр вакциныг анх үүсэж байсан вирусийн хувилбарт тохируулан бүтээсэн. Түүнээс хойш хэчнээн мянган хувирлууд гарсан учир вакцины үр нөлөө тодорхой хэмжээгээр буурна. Вакцины үр нөлөөний талаар олон улсын судалгаа гарч байна. Жишээлбэл:

Файзер вакцин анх Хятадад гарсан D614G хувилбараас 95 хувь сэргийлнэ гэж үзэж байсан бол Альфа хувилбар дээр 90 хувь болж буурч байна.
Модерна вакцины хамгаалах үр дүн анхны хувилбар дээр 94 хувь байсан бол Англид бүртгэгдсэн альфа хувилбар дээр 85 хувь
Спутник дээр 90-ээс 80 хувь
Синофармд 80 орчим байсан бол 63 хувь болж буурч байна гэсэн судалгааг гадны эрдэмтэд танилцуулсан.
Вакцины хамгаалах үр дүнд ямар нэг мутаци нөлөөлж байгаа. Тохиолдлын тоо олон болж, нэг хүнээс нөгөөд дамжих тусам вирус хувирч мутацид ордог. Вакцинжуулаагүй хүн ам олон, тэр дунд нь халдварын тархалт өндөр бол нэгээс нөгөөд дамжин, вирус хувиралд орж эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

-Халдвар аваад эдгэрсэн хүн дахин ямар хугацааны дараа халдвар авах магадлалтай вэ?
-Халдвар аваад эдгэрсэн хүн дахин халдвар авах тохиолдол маш цөөн. Бараг байхгүйтэй адил. Монголд байгаа сонирхолтой тохиолдлуудаас дурдахад нэг хүн “Би дахин халдвар авах шиг боллоо. Амт үнэр мэдрэхгүй байна. Өмнө нь яасан гэхээр хамт байсан хүмүүс оношлогдож, намайг ч бас эерэг гэсэн. Гэхдээ надад ийм шинж тэмдэг илрээгүй. Бага зэрэг халуурч, ханиалгаад өнгөрсөн гэсэн. PCR 100 хувь биш гэж би түрүүн хэлсэн. Магадгүй энэ хүн дээр тест алдсан байж болно. Түүнээс биш дахин халдвар авч байгаа тохиолдол маш бага. Энэ хүн дахин халдвар авсан цөөн тохиолдлын нэг байж ч болно. Ийм эргэлзээтэй асуудал үүсэж байгаа.

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс вакцин хийлгэх шаардлагатай юу?
-Эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдана гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Хоёр тунгаа авчихаад өвчилсөн бол дахиж вакцин хийлгэх шаардлагагүй. Нэг ч тун хийлгээгүй, эсвэл нэгдүгээр тунгийн дараа халдвар авсан бол эдгэрээд гарсных нь дараа вакцин хийнэ. Дэлхийн улс орнуудад бол янз бүр байна. Өвчилнө гэдэг нь нэг тун вакцин авсантай адил дархлаа тогтооно. Тэгэхээр хоёр дахь вакциныг тодорхой хугацааны дараа хийж байгаа. Ер нь олон улсад эдгэрснээс хойш гурав, зургаан сарын дараа вакцин хийлгээрэй гэж зөвлөж байна.

Улс орон бүхэн өөр өөрийн мөрдөх журмын дагуу арга хэмжээ авч байна. Энэ нь дархлал тогтоц ямар хугацаанд үргэлжилж байна вэ гэдгийг бүрэн нотлоогүй байгаагийн нэг шинж. Ер нь шинжлэх ухааны олон улсын сэтгүүлүүдэд гарсан өгүүллүүд ч өнөөдрийн түвшинд байгаа нотолгоо мэдээлэл дээрээ суурилж зөвлөгөө, мэдээллийг өгч байна. Цаашид яаж хувирч өөрчлөгдөхийг бид мэдэхгүй гэсэн өгүүлбэрээр төгсгөж байна. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагууд ч ийм байдлаар хандаж байгаа. Энэ нь заримдаа иргэдэд бөөрөнхий юм шиг, эсвэл эргэлзээ төрүүлж байхыг үгүйсгэхгүй.

Exit mobile version