Нийгэм

Ч.Түмэнбаяр: Гэмтлийн эмнэлэг өдөрт 20-30 төлөвлөгөөт болон яаралтай мэс засал хийж байна

Нийтэлсэн

Амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д үйлчлүүлэх өвчтөний тоо хэвийн үеийнхээс нэмэгдэж байна. Энэ талаар тус эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч Ч.Түмэнбаяраас тодрууллаа.

 

Танай эмнэлгийн ачаалал нэмэгдсэн тухай мэдээлэл байна. Ямар горимоор ажиллаж байна вэ?

 

-Баяр наадмын амралтын өдрүүдэд бид 24 цагийн тасралтгүй ажиллаж байна. Үүнд, анхны тусламж болон шаардлагатай, нэн яаралтай хагалгаа, төлөвлөгөөт хагалгаа зэрэг хийгдэж байна. Амралт зугаалга эхэлсэнтэй холбоотой гэмтэл бэртлийн дуудлага, тоо хэвийн үеийнхээс нэмэгдсэн байна. Ялангуяа авто осол болон ахуйн гэмтэл бэртэл, гол усанд өртөх, түлэгдэх, гар хөл зүсэгдэх гэмтэл нэмэгдсэн.

 

Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхгүй юу?

 

-Манай эмнэлэг “Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг” эмч нарын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн яаралтай хагалгаанд гар сарвуу, бичил мэс заслын эмч нар маань 24 цагийн дуудлагаар байнгын эмнэлэг дээр байрлаж ажиллаж байна, хагалгаанууд хийгдэж байна. 2021 оны долдугаар сарын 9-нөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд яаралтай мэс засал 72, төлөвлөгөөт мэс засал 59 буюу өдөр 20-30 хагалгааг тогтмол хийж байна. Эмч нар маань нэмэлтээр ажиллаж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай байгууллага байгуулагдсан цагаасаа хойш 60 жилийн түүхэндээ нэг хором, нэг секунд ч хаалгаа барьж үзээгүй байнгын үйл ажиллагаа явуулж буй стратегийн чухал ач холбогдолтой газар. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна. Иргэд маань ч өндөр ачааллын үед сонор сэрэмжтэй болгоомжтой аялаж зугаалах хэрэгтэй.

Exit mobile version