Энтертайнмент
Токио-2020: Тамирчид гар барихгүй, медалиа өөрсдөө зүүнэ
“Токио 2020” зуны олимпын наадам долдугаар сарын 23-нд онц байдлын дэглэмд байгаа Япон улсын нийслэлд эхлэх юм. Өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах олимпийн зохион байгуулалтын талаар мэдээлжээ. Тэрбээр “Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн анх байрлуулах тул тамирчид халдвараас бүрэн сэргийлэгдэх юм” гэжээ.
Мөн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх үйлдлүүдийг хоригложээ.
Түүнчлэн медаль гардуулах үеэр хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилтын чимээг танхимд дуугаргахаар болжээ. Ийм дуу чимээг өмнөх олимпын наадмын бичлэгнээс ашиглах юм байна.
Медаль авсан зарим тамирчдыг дараа нь гэр бүл, найз нөхөдтэй нь видео холбоогоор уулзуулахаар болжээ. Мөн хөгжөөн дэмжигчдийнх нь ирүүлсэн зургаан секундын урттай видео мэндчилгээнүүдийг ёслолын үеэр том дэлгэцэн дээр тоглуулахаар төлөвлөсөн байна.